Ирэх сарын 3-нд иргэний хөдөлгөөнүүд жагсаал хийхээр хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Ирэх сарын 3-нд иргэний хөдөлгөөнүүд жагсаал хийхээр хэлэлцэж байна

Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн \АНАХ\-өөс ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатрын талбайд төрийн эрх баригч хоёр намаас ард түмэнд олгохоор амалсан мөнгийг нэхэх ард түмний цуглаан зохион байгуулахаар болоод байгаа билээ. Энэ ажлын хүрээнд АНАТХ орон нутгаас ард иргэдийг идэвхитэйгээр оролцохыг уриалж байгаа. Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутагт дэмжигчдийн санал бодлыг сонсох таваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлүүд ажиллаж байна. Мөн орон нутгаас ирсэн дэмжигчид Монголын улаан загалмайн нийгэмлэгийн зүүн талд байрлах “АНАТХ”-ны төв штаб дээр хүрэлцэн ирж санал бодлоо илэрхийлж байгаа. Цаг үеийн байдал, Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс ирэх хариу үр дүнгээс хамааран жагсаалаа хичнээн хугацааны туршид үргэлжлүүлэхийг шийдэх юм. Хэрэв амлалтаа биелүүлэхгүй, УИХ, Засгийн газар огцрохгүй бол Сүхбаатрын талбай дээр гэр барьж тодорхой үр дүнд хүртэл суулт хийхэд бэлэн байгаагаа хөдөө орон нутгаас ирсэн дэмжигчид илэрхийлж байлаа. Жагсаалд оролцохоор хөдөө орон нутгаас ирсэн дэмжигчид Улаанбаатар хотод байрлах бүх зардлаа хувиасаа гаргаж идэвхтэй оролцож байгаа гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байна. Ард түмний дунд явуулж байгаа 100 төгрөгний хандивын хайрцгуудыг задалж мөнгөний нэгдсэн дүнг эцсийн байдлаар хараахан гаргаагүй байгаа юм. Жагсаалыг дэмжиж зарим нэг намын харъяанд байдаг гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч байсан ч тэдэнтэй нэгдэхгүй гэж тус хөдөлгөөны дэд тэргүүн Г.Уянга мэдэгдлээ. Гэхдээ дөрвөн сарын 3-нд зарим нэг иргэний хөдөлгөөнийнхөн нэгдэж жагсахаар ярилцаж байгаа ч эцсийн байдлаар шийд гараагүй байгаа гэнэ. АНАТХ-ны төв штаб ойрын хугацаанд Цэцээ гүн дээд сургууульд шилжин байрлаж дэмжигчдээ хүлээн авч уулзах гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж