Б.Наранбаатар ээлжит ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатар ээлжит ялалтаа авлаа

Бөхийн чөлөөт барилдааны Германы Бундеслигт зодоглож буй Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар өчигдөр дөрөв дэх барилдаанаа хийлээ. Манай тамирчны харьяалагдаж буй Кёльн хотын KSV Kollerbach баг энэ тойрогт TKSV Bonn-Duisdorf багтай таарч, барилдан нийт дүнгээр 29:7 харьцаатай ялалт байгуулжээ. 60 кг-ын жинд зодоглож, эхний гурван барилдаандаа дараалан ялалт байгуулаад буй Б.Наранбаатар энэ удаад Германы бөх Юрий Баронтой барилдаж, гурван үе дараалан өрсөлдөгчөө 1:0; 1:0; 3:0 харьцаатай буулган авчээ. KSV Kollerbach клуб дараагийн тойргийн барилдаанаа ирэх бямба гаригт TSV Musberg багийн эсрэг хийнэ. Б.Наранбаатарын тухайд KSV Kollerbach клубт харьяалагдаж, есөн тойргийн барилдаан хийхээр гэрээ байгуулсан бөгөөд хамгийн сүүлийн барилдаанаа арванхоёрдугаар сарын 4-нд хийх ажээ.

Дашрамд сануулахад, Германы Бундеслигт өрсөлдөж буй 20 баг өрнөд болон дорнодын бүсэд хуваагдан өрсөлддөг бөгөөд 2008/09 оны улирлын аварга Kollerbach клуб өдгөө өрнөд бүсийн дөрөвдүгээр байрт бичигдээд байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж