Самбын ДАШТ-ээс хоёр аварга төрлөө

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Самбын ДАШТ-ээс хоёр аварга төрлөө

Узбекистаны нийслэл Ташкент хотноо самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах XXXIV тэмцээн үргэлжилж байна. FIAS буюу Олон улсын самбо бөхийн холбооноос зохион байгуулж буй энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 40 улсын 500 гаруй тамирчид эрэгтэйчүүдийн спортын болон байлдааны самбо, эмэгтэйчүүдийн төрөлд тус бүр есөн жинд өрсөлдөж байгаа юм.  Харин манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй гурван тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноос эмэгтэй самбочид бүгд медалийн тавцанд гарсан байна. Тодруулбал, 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Б.Солонго, 80 кг-ын жинд Б.Мөнхтуяа нар зодоглосноос М.Уранцэцэг, Б.Солонго нар аваргын алтан медаль хүртэж, Б.Мөнхтуяа мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Ингэснээр манай эмэгтэйчүүд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр ОХУ болон Болгарын багийн дараа гуравдугаарт шалгарсан байна.

Харин эрэгтэйчүүдийн тухайд спортын самбо бөхийн төрөлд аваргууд тодорсон бөгөөд өнөөдөр байлдааны самбо бөхийн төрөлд тамирчид өрсөлдөнө. Спортын самбын төрөлд манай тамирчдаас 57 кг-ын жинд О.Чинбат хүрэл медаль хүртсэн бол С.Батгал /52 кг/, С.Мияарагчаа /68 кг нар шагналт тавдугаар байрт, Б.Дамланпүрэв /62 кг/, О.Болд-Эрдэнэ /74 кг/, Г.Түвшинжаргал /82 кг/ нар долдугаар байрт, харин Б.Ариун-Эрдэнэ 100 кг-ын жинд есдүгээр байрт тус тус шалгарчээ. Эрэгтэйчүүдийн төрөлд багийн амжилтаар ОХУ-ын тэргүүлж, Беларусь болон Гүржийн баг тамирчид удаалсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж