Дорнод аймагт нэг боодол өвс 12 мянга төгрөг хүрээд байна

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Дорнод аймагт нэг боодол өвс 12 мянга төгрөг хүрээд байна

Энэ өвөл манай орны ихэнх нутгаар цас их унаж, хүй­тэрснээс өвөлжилт хүндэрч, малын хорогдол 2002 оны зудынхаас хол давчихаад байна. Өвөлжилт хүндэрсэн 12 аймаг дээр  Дор­ноговь, Дорнод, Хэнтий аймагт хаваржилт хүндрээд байгаа талаар Улсын Онцгой комиссоос өнгөрсөн долоо хоногт газар дээр нь очиж танилцаад иржээ. Улсын Онцгой комиссын ерөнхий нарийн бичгийн дарга М.Мангалсүрэн “Хэнтий, Дорнод аймгийн хойд сумдын малчид ихэвчлэн улсын царай харалгүй өөрсдийн хүч хөдөлмөрөөр цагийн хатууг давж гардаг хэдий ч байгаль цаг уурын энэ хэцүү үед үнэхээр туйлдаж байгаа нь харагдаж байна. Тиймээс эдгээр аймгуудын зарим сумдыг гамшгийн хэмжээнд оруулах талаар Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөөд байна” гэлээ. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо сумдад өвс тэжээл хайсан малчид нэлээд байгаа ч нэг боодол өвс аймгийн зах дээр 12 мянган төгрөгт хүрээд байгаа аж. Сүүлийн өдрүүдэд өвс тэжээлгүйгээс болж хээлтэгч мал ихээр хорогдож байгаа бөгөөд улсын хэмжээнд 13.8 сая хээлтэгч мал төллөхөөс өвөлжилт, цаг үеийн байдал хүндэрснээс эх мал хээл хаяж, хорогдсоныг тооцоход 10.8 сая нь төллөнө гэж тооцоолж байгаа ч байдал улам хүндэрсээр байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж