МАН төрлөө, МАХН түүх болов

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

МАН төрлөө, МАХН түүх болов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    МАХН-ын ХХYI их хурлын төлөөлөгчөөр ирсэн 800 төлөөлөгч дөнгөж сая 19.05 цагт МАН-ын гишүүн болцгоолоо. Энэ цагт МАХН-ын нэрийг МАН болгох тухай тогтоолын төслийг 800 гишүүний зургаагаас бусад нь мандатаа өргөн баталж хүчин төгөлдөр болгосон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нарын зургаан хүн л татгалзсан санал өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди нарын олон хүн МАН нэрээ сэргээхийг дэмжсэн толгой холбосон үг хэлсэн нь төлөөлөгчдийн сэтгэлийг татсан юм. Ийнхүү өнөө оройноос ууган намын нэрээс “хувьсгалт” гэсэн үг арчигдаж түүх болон үлдлээ.

    МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх МАН-ын Төв хорооны анхны тамгыг төлөөлөгчдөд харуулж, Богдын шүншиглэж, Бодоо нарын бүтээсэн МАН гэдэг нэр сэргэсэнд халуун талархал илэрхийлэв. Догдолсондоо тэр үү, “1912 онд үйлдвэрлэсэн тамга” хэмээн ам алдана лээ. У.Хүрэлсүх даргын сэтгэл ихэд хөдөлж инээд алдан дээш доош гүйж, хуралдааны танхимын дэлгэцнээ “Өглөө” киноны жанжин Д.Сүхбаатарын “Ардын нам, ардын засаг мандтугай” гэж хэлдэг хэсгээс байн байн харуулж, дууг хамгийн чанга дээр тавьсан нь хурсан төлөөлөгчдийг хөөргөж удтал алга нижигнүүлэн ташицгаалаа. МАН-ын дарга С.Батболд үг хэлж уламжлал шинэчлэлээ хослуулсан улс төрийн хүчин байх болно гэдгээ илэрхийлэв. “Эцэг эхийн анхлан хайрласан уугуул нэрээ сүүлийн 20 жил санагалзаж явсан манай гишүүд сэргээж авлаа. Манай ард түмэн омогшиж байна. Жинхэнээрээ омогшъё” гээд гурвантаа хурайлсан юм. У.Хүрэлсүх дарга намын даргаа “МАХН-ын дарга гэх үү, МАН-ын дарга гэх үү” хэмээн гүйж төлөөлөгчдөө хөгжөөв.

    Ирэх долоо хоногийн эхний өдөр МАН-ын удирдлагууд Улсын дээд шүүхэд Намын нэр өөрчлөх тухай тогтоолыг авч очин албан ёсоор шинэ нэрээрээ бүртгүүлэхээр боллоо.

                                    Д.ОЮУН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж