Ц.Элбэгдорж: Шударга ажиллаарай

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Шударга ажиллаарай

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 17.40 цагийн орчимд Ц.Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр батламжиллаа.  Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас Ц.Зориг 58 хувийн санал авсан юм байна. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүн 17 гишүүнтэй. Тэдгээр шүүгчдээсээ гурван хүнийг энэ удаад нэр дэвшүүлж, нууцаар санал хураахад нийслэлийн Шүүхийн шүүгч Ц.Зориг олонхийн санал авчээ.

    Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хэлсэн үгэндээ “Шүүхийн хараат бус байдлыг хангаж ажиллана, шударга ёсыг хангаж ажиллана, шүүхийн шинэтгэлийг анхааралтай судалж ажиллаж байгаа” гэлээ.

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоо бол хариуцлагатай. 17 шүүгч дотроосоо ярилцаад, олонхийн санал авсныг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, улмаар томилдог.

    Миний хүсэн хүлээж байгаа зүйл бол Шүүх байгууллагад иргэний талд шийдвэр гардаг хэвшил тогтох ёстой. Шүүх бол хүний эрхийн үргэлжлэл болохоос эрх мэдлийн үргэлжлэл биш. Харин Шүүх бол өөрөө хуулийн үргэлжлэл юм. Тавантолгой, Оюутолгойн ордоос илүү үнэтэй баялаг бол шударга ёс. Тэр үнэтэй баялаг дээр сууж байгаа хүмүүс бол Шүүхийнхэн. Монголын ард түмний олонх “Шүүх шударга ажиллаж байна гэвэл Шүүх хараат бус ажиллаж байгаагийн илрэл. Хэрвээ ард түмэн “Шүүх эрх мэдэлтнүүдийн талд шийдвэр гаргаж байна” гэвэл Шүүх эрх мэдэлтнүүдийн хараанд байна гэж ойлгоно. Би Шүүхийн хараат бус байдлыг ингэж ойлгодог. Монголын ард түмний асар их итгэл Шүүх рүү хандаж байгаа, шударга ажиллаарай” гэсэн юм. Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдоод байгаа Ц.Зоригийн хувьд өмнө нь нийслэлийн Шүүхэд ажиллаж байсан. Нийт 18 жил тус газарт ажиллахдаа таван жилийг нь нийслэлийн Ерөнхий шүүгчийн албанд зүтгэжээ.

    Одоогоос найм хоногийн өмнө Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан С.Батдэлгэрийг өөрийнх нь хүсэлтээр Ерөнхийлөгч чөлөөлсөн юм. Ингэснээр дээрх албанд шинэ хүнийг томилох шаардлагатай болоод байсан билээ.

    Г.Дарь   

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж