Ерөнхий шүүгчээр Ц.Зоригийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий шүүгчээр Ц.Зоригийг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 4, Шүүхийн тухайн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Содномдаржаагийн Батдэлгэрийг өөрийнх нь хүсэлтийн дагуу Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн билээ.  Тиймээс өнгөрсөн өдрүүдэд Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр хэн томилогдох бол гэсэн хүлээлт олны анхаарлыг татаж байлаа.

Хууль ёсоор бол Улсын Дээд шүүх Ерөнхий шүүгчийг оролцуулаад 17 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Ерөнхий шүүгчээс бусад 16 гишүүн шүүгч хуралдан, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг тодруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг журамтай аж. Энэ дагуу Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр болж, уг хуралдаанаас нийт шүүгчдийн олонхийн саналыг авсан Ц.Зоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилуулахаар Ерөнхийлөгчид үдээс хойш өргөн мэдүүлсэн байна. Ингээд Ерөнхийлөгч уг саналтай танилцаад, дөнгөж сая Ц.Зоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр батламжиллаа.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж