Гүми хотын төлөөлөгчид айлчлан ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Гүми хотын төлөөлөгчид айлчлан ирлээ

БНСАУ-ын Гүми хотын  Шинэ тосгон хөдөлгөөний төлөөлөгчид  манай аймагт зочиллоо. Тус хоттой манай аймаг гурван жилийн өмнөөс хамтын ажиллагааны гэрээг хийсэн бөгөөд жил бүр харилцан айлчлал хийдэг уламжлалтай билээ.  Энэ удаа Күми хотын дарга  И Жун Бу, Шинэ тосгон хөдөлгөөний ерөнхийлөгч Пак Тун Жин, Удирдлагын хэлтсийн дарга Ган Жэ Юм тэргүүтэй 7 төлөөлөгч мөн Монголын Шинэ тосгон хөдөлгөөний тэргүүн К.Марина нар хүрэлцэн ирсэн юм.  Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн Герман улсад ажлаар яваа тул тэднийг аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Баяртогтох, ИТХ-ын ажилтан  Т.Төмөрчөдөр, ЗДТГ-ын ХШҮ-ний багийн мэргэжилтэн М.Баясах, Баян-Өндөр сумын засаг дарга Ц.Нямсүрэн нар хүлээн авч уулзлаа. Айлчлалынхаа хүрээнд өнгөрсөн жил 13000 воны хөрөнгө оруулалт хийж байсан Хуримын ордоны үйл ажиллагаатай танилцаж, аймгийн орон нутаг судлах музейг сонирхон, цөөн иргэдэд  “Шинэ тосгон хөдөлгөөний олон улсын сургалт”-ыг зохион байгуулав. Сургалтаар иргэдэд ажилгүйдэл, ядуурал үүссэн хүнд нөхцөлд хэрхэн амьдралаа болон улс орноо авч явах тухай өөрсдийн туршлага дээр тулгуурлан ярьж, дэлхийн эзэн Чингис хааны үр сад хэзээ ч уруудан доройтох ёсгүй хэмээн урам зоригийг өгсөн. Мөн Баян-Өндөр сумын “Малчдын бүлгийг дэмжих бүл”-д зориулж  20.000 воны дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцлээ.
БНСАУ-ын Шинэ тосгон хөдөлгөөн нь нийтийн эрх ашгийг эрхэмлэн амьдралынхаа чанарыг дээшлүүлж түүнийхээ үнэ цэнийг бий болгох үзэл баримтлалыг зорилгоо болгодог бөгөөд ухамсраа өөрчлөн шинэчилж түүнийгээ гүйцэтгэн биелүүлдэг хөдөлгөөн юм. Өөрөөр хэлвэл төр засгийн онол төлөвлөгөөнд тулгуурлан өрнөсөн хөдөлгөөн биш гэдгийг Шинэ тосгон хөдөлгөөний ерөнхийлөгч ярилцлагандаа  онцоллоо.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж