Н.Энхбаяр: МАХН эвгүй нөхцөлд байна

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр: МАХН эвгүй нөхцөлд байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын МАХН-ын ХХYI их хурал дээр хэлсэн үгийг зөвхөн хурлын төлөөлөгчид хаалттай сонссон юм. Сэтгүүлчид түүнээс хэлсэн үгийнх нь талаар болон бусад сэдвээр тодруулж ярилцлаа.

    МАХН-ын их хурал дээр таныг нэлээд хатуу үг хэлэх байх гэсэн хүлээлт байсан. Харин та аядуу зөөлөн үг хэлэх шиг боллоо. Яагаад та ингэж зөөлрөх болов?

    -Сүүлийн үед миний МАХН-ын нэр, үзэл баримтлалын талаар хэлсэн үг, явуулсан ил захидал зэргээс болоод намайг нэлээд хатуу үг хэлнэ гэсэн хүлээлт үүссэн байх. Гэхдээ үг хатуу, зөөлөн гэдэгтээ биш үнэн, худлаа л гэж байдаг. Үнэн үгийг чанга дуугаар хэлснээс зөөлөн дуугаар хүргэвэл нэмэртэй болов уу гэж боддог. Өмнө нь би ил захидал зэргээрээ байр сууриа нэлээд хатуу илэрхийлсэн учраас өнөөдөр тэр бүхнийг давтаж ярихаа болиод их хурлын өдрүүдийг яаж үр ашигтай ашиглах вэ гэдэг талаар өөрийн биеэр туулж ирсэн намын ажлын туршлагаасаа хуваалцлаа. МАХН түүхэндээ анх удаа  сонгуульд ялагдаад байсан хүнд үед намын нөхдийн дэмжлэгээр би намын удирдлагаар сонгогдож ажилласан. Унасан намыг буцааж сэргээж, ард олны итгэлийг дахин хүлээлгэх гэж Ө.Энхтүвшин нарын нөхдийнхөө хамт зүтгэсэн. Намын хамт олон ч, ард түмэн ч дэмжсэн. Миний туршлагаар бол нам чухал. Гэхдээ ард түмэн намаас хэд дахин илүү чухал гэдгийг тэр үед олж мэдсэн. Тэр туршлагаасаа хуваалцлаа. Намд хэрэгтэй гэсэн асуудал ард түмэнд хэрэггүй асуудал болчих вий гэж болгоомжлууллаа. Ядууралтай, хээл хахуультай хэрхэн тэмцэх вэ гэдгээ яриач, оносноосоо алдаагаа илүү яриач гэж хэллээ. Шившгээ нуух биш, ний нуугүй сайн дэлгэж яривал ард түмэн харин ч үнэлдэг юм билээ. Хэв загварт баригдалгүй, хайрцагт оролгүй яриач гэж хэллээ. Их хурал нэлээд хайрцагласан байдалтай болж байгаа учраас шууд миний үгийн дараа зориуд бэлтгэсэн нэг хүнээр буруу зөрүү юм хэлүүлж байна лээ. Хурлууд дээр тиймэрхүү зүйл болдог учраас би нэг их анзаараагүй.

    -Та сайнаасаа муугаа ярих ёстой гэлээ. Ямар шалтгаанаар тэр вэ?

    -МАХН-ын рейтинг хэзээ ч ингэж 22-25 хувь болтлоо бууж байгаагүй. Би МАХН-ын дарга байхдаа социологийн судалгаа хийлгэж намын рейтингийг 43 хувиас буулгахгүйг зорьж ажилладаг байсан. Тэр хэмжээнд ч байдаг байсан. Өнөөдөр 22-25 хувьтай болно гэдэг туйлын эвгүй нөхцөлд байна гэсэн үг. Тийм болохоор жинхэнэ зовлон, алдаагаа, сайн муугаа ярьж, нэр хүндээ буцааж олох ёстой. Зөв гарц олох ёстой.

    -МАН болчихвол таныг нам байгуулж тусдаа гарна гэсэн яриа гарч байна. Та нам байгуулах уу?

    -Намын нэр солих талаар их л олон талаас нь бодож байж, өнгөрсөн, одоо, ирээдүйгээ харж байж намын нэрийн асуудлыг ярих ёстой. Нэрээ солих юм бол буурин дээрээ үлдэх гишүүд бий байх гэдгийг би өмнө нь ч хэлж байсан.

    -Та МАН гэдэг нэрийг Хятадын гоминдан гэдэг нэртэй зүйрлэж хэлсэнд дургүйцэх хүн олон байх шиг байна?

    -Би хэлсэн биш. Түүхийн номд бичсэн байна. Тэндээс иш татсаныг Н.Энхбаярын үг гэж  андуураад байх шиг байна. Тэр Хятадын гоминдан буюу ардын намынхан манай тусгаар тогтнолыг алдагдуулж байсан. Манайхан гамин гэдэг. Хятадын нөлөө, Манжийн нөлөөнд  байх үед МАН манайд үүссэн. Тэр үед гоминдан гэдгээс санаа авч байжээ. Түүхээ сайн үзэх хэрэгтэй. Харин “Хувьсгалт” гэдэг үг бол  Оросоос нэмэгдэж орж ирсэн үг. Илүү нухацтай судлах ёстой, олон талаас нь бодох учиртай юм гэсэн санаа төрүүлэх үүднээс л иш татсан үг.

    -Хэдэн жилийн өмнө та намын нэрийг МАН болгоё гэж байсан. Яагаад одоо үгээсээ буцаж байгаа юм бэ?

    – Намын иж бүрэн шинэчлэлтийг хоёрхон нөхцөлд хийдэг. МАХН ч тэгсэн. Нэгд, 1990 онд дэлхий дахиныг хамарсан шинэчлэлт Монголыг ч хамарч, түүнд тааруулж шинэчлэлт хийсэн. Харамсалтай нь жаахан дутуу хийснээс 1996 оны сонгуульд МАХН амжилтгүй орсон. Хоёрт, аль ч нам сонгуульд ялагдвал өөрчлөлт хийдэг. Ардчилсан нам тэгж байсан. Тийм тохиолдолд намын нэр, үзэл баримтлал, үйл ажиллагаа, намын дэргэдэх байгууллагууд, гадаад харилцаа, гишүүнчлэл, санхүүжилтэд иж бүрэн цогц өөрчлөлт хийдэг. Сонгуульд ялгадсан тухайн үед би МАХН-ын дарга болоод намын нэрийг МАН болгох талаар хэлж байсан. Гэхдээ хийгээгүй. Зүтгүүлээд хийвэл хийх байсан. Гэтэл энэ бол намын гишүүдтэйгээ хамт  бодож хийх эмзэг асуудал байсан учраас тэдний саналыг сонсч байж шийдэхээр хойшлуулсан. Бусдыг хийсэн. Одоо бол хүмүүс намын нэрийг тийм ч их анхаарахаа больсон байна. Намын нэр солих гэдэг нь үнэгний сүүл биш байгаа даа. Амлалтаа биелүүлэхгүй болохоор нэрээ сольж үнэгний сүүл шиг ард түмнээ хуурч болохгүй.

    -МАН болчихвол парламентын намын асуудал хөндөгдөх үү, бас хамтарсан Засгийн газар яах вэ?

    -Үүнийг хуульчид сайн судалж хэлэх байх. Миний санаж байгаагаар УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа “Эх орон-ардчилал” эвсэл сонгуульд орсон нэрээ өөрчлөхөд УИХ дахь намын бүлэг нь задарч байсан. Сонгуульд орсон нэрээ бүрэн эрхийн хугацаанд солих асуудлыг анхаарах хэрэгтэй юм билээ. Ямар үр дагавар гарахыг одоо хэлж чадахгүй. Болгоомжтой хандах л асуудал. МАХН бол засгийн эрх дангаараа барих ёстой нам. Хариуцлагаас мултрах гэж хамтарсан Засгийн газар байгуулсан. Өөрсдийгөө хуурч оршин тогтнож байгаа нь харамсалтай санагддаг. Зөв зүйтэй ажлыг нь би мэдээж дэмжинэ.

    -Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН ялагдсан алдаандаа их хурлаараа хариуцлага тооцох болов уу?

    -Энд миний ч алдаа бий. МАХН-ын ч алдаа бий. Энэ сонгуульд ялагдсан алдааг тунгааж яриагүй. Их хурлаар ч ярьсангүй. Ерөнхийлөгчийн ч гэлтгүй бүх сонгуулийг ярих ёстой. Сүүлийн сонгуулиуд будилдаг болсон, мөнгө амладаг болсон. Худлаа, хариуцлагагүй төр байгуулдаг гэсэн яриа гардаг болсон. Үүнийг засахын төлөө ажиллах хэрэгтэй.

                                        Д.ОЮУН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж