Азийн наадамд оролцох тамирчдыг үдлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Азийн наадамд оролцох тамирчдыг үдлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Азийн спортын наадамд оролцох баг тамирчдад төрийн далбаа гардуулав

    Азийн спортын XVI наадамд оролцох тамирчдын багт Төрийн далбаа гардуулах ёслол Монголын үндэсний олимпийн хороонд өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Азийн спортын XVI наадамд оролцох тамирчдын багийн ахлагч, УИХ-ын гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны гишүүн Э.Мөнх-Очир, Олимпийн мөнгөн медальт, боксын спортын дэлхийн аварга П.Сэрдамба нарт Төрийн далбаа гардуулж, тамирчиддаа амжилт хүсч үг хэлэв. Өмнөд хөршид болсон тэмцээнд манай тамирчид их сайн амжилт гаргадаг. Цаг уур ойр, монгол хүний бахархал зэрэг үүнд нөлөөлдөг биз ээ. Энэ удаагийнх ч өмнөд хөршийн Гуанжоу хотод болох гэж буй тул тамирчид маань амжилт арвин ирнэ гэдэгт итгэж байна.

    Ерөнхийлөгчийн хувьд спорттой холбоотой ямар нэг асуудал гарахад “за” хэмээн гар өргөн дэмжиж байя гэж урьд нь хэлсэн. Цаашид ч тэр байр сууриндаа байх болно. Спорт бол хүмүүсийг зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, хүмүүжилтэй болгож, хүн гэсэн эрхэм чанарт нь хүргэж өгдөг гайхамшигтай зүйл. Иймээс спортыг үнэлдэг улсын нэр хүнд өндөр байдаг.  Спортыг дэмждэг ард түмэн аугаа байдаг. Монголын үе үеийн төр засгаас спортыг ихээхэн анхаарч байсан. Ерөнхий сайдын хувьд би 1998 онд тамирчиддаа мөнгөн урамшуулал олгох, 2005 онд шигшээ баг байгуулах Засгийн газрын тогтоолыг гарган гарын үсэг зурж байлаа. Одоо хүн ам илүү суурьшсан газар бүрт спортын ордон байгуулья. Мөнгийг спорт, боловсрол, эрүүл мэнд, түүх соёлоо уламжлан өвлөх гэсэн дөрвөн зүйлд илүү зарцуулж байя. Эцэг эхчүүд маань хүүхдүүдээ спортоор хичээллүүлэхэд анхаардаг болсонд баяртай байна.

    Монголчууд зөвхөн энэ жилд л гэхэд тивийн хэмжээний томоохон гурван тэмцээнийг амжилттай зохион байгуулж чадлаа. Азийн наадам бол олимпийн өмнө тамирчид, улс орнууд өнгө үзэх гэж байгаа том тэмцээн юм. 338 тамирчин 28 төрлөөр оролцоно гэлээ. Энэ бол олон төрөлд олон хүн оролцоно гэсэн үг. Амжилт гаргасан тамирчиддаа би байнга нэг зүйлийг захидаг. Улам хичээ гэж. Төр засаг, ард түмнээс өгч буй шагнал бол улам хичээ гэдэг урам юм. Алдар гавъяа, шагналд хүрэх тусмаа тамирчид маань даруу байх ёстой. Монголын ард түмний сэтгэл шингэж, хүч энерги дагаж явдаг учраас та бүхэн амжилтад хүрч байдаг юм. Тиймээс түүнийгээ сүсэлж тамирчин бүр өөртөө зорилт тавьж байх ёстой. Монголын тамирчид бусад орныхноос зохион байгуулалтаараа ялгарч байх учиртай. Спортод элэгтэй, эрч хүчтэй залуу төрийн түшээ та бүхнийг ахалж явах гэж буйд баяртай байна. Төрийнхөө далбааг Гуанжоугийн тэнгэрт олон олон мандуулж, төрийнхөө дууллыг эгшиглүүлээрэй. Үүнийг л улс орны Ерөнхийлөгчийн хувьд хүсч, бас харж, санаа зовинон суух болно. Тамирчиддаа амжилт хүсье гэж Монгол Улсын Ерөнхийлөгч хэллээ.

    Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, хамгийн залуу оюуны тамирчин, 10 настай Д.Номин-Эрдэнэд Ерөнхийлөгчийн талархал, тусгай захиалан хийлгэсэн шатар, гарын бэлэг, үзгээ гардуулж, баяр хүргэв. Энэ арга хэмжээнд Азийн спортын XVI наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчид, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Үндэсний олимпийн хорооны дарга Д.Загдсүрэн, Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар болон албаны бусад хүн оролцлоо.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж