Нинжа нар дахин тэмцэл хийж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Нинжа нар дахин тэмцэл хийж болзошгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Говь-Алтай аймгийн Бигэр суманд өнгөрсөн есдүгээр сарын 19-нд 6000 гаруй нинжа үймээн дэгдээж "Марко Поло" компанийн эзэмшлийн талбай руу нэвтэрч эмх замбараагүй байдал үүсгэж, энэ үймээний үеэр 20 настай залуу амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарч байсан билээ. "Марко Поло" компани болон нинжа нарын хоорондох тэмцэл дахин үргэлжилж эхэлжээ. Учир нь тус аймгийн Бигэр суманд шинээр алтны судал илэрсэн байна. Шинээр илэрсэн газрын алтыг нинжа нар өөрсдөө илрүүлсэн гэж үзэж, алтыг нь гар аргаар олборлож эхэлсэн гэх мэдээлэл байна. Гэтэл "Марко Поло" компанийнхан алттай хэсгийг манай эзэмшлийн талбай гэж зарга үүсгээд байгаа аж. Дээрх мэдээллийн дагуу Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг дарга н.Нарангэрэл тодруулж асуулаа.

    -Бигэр суманд дахин алт олборлогч нинжа нар жагсаал цуглаан зохион байгуулах гэж байна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар?

    -Одоогоор мэдэгдсэн зүйл алга. Албан ёсоор жагсаал цуглаан зохион байгуулна гэсэн мэдэгдэл ирүүлээгүй. Манай сумын цагдаагийн байгууллага тухайн газарт байнга хяналт тавин ажиллаж байгаа.

    -Нутгийн иргэдийн шинээр илрүүлсэн алтны судал бүхий газрыг “Марко Поло” компани манай эзэмшлийн талбай гэсэн зарга үүсгээд байгаа юмуу?

    -“Марко Поло” компани нь 80 мянган гектар талбайг улсын тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг. Тухайн компанийн зөв ч байж болох юм. Тухайн компанийн эзэмшлийн талбай буюу “Зүүн нуруун” хэмээх газарт жилийн дөрвөн улиралд нутгийн иргэд болон гаднын аймгийн иргэд гар аргаар олборлодог. Тус газарт энд ч, тэнд ч алтны судал илэрлээ гэж байнга яригддаг.

    -Газар нутгийг ухаж, сэндийчдэг алт олборлогч нинжа нар болон компаниудын үйл ажиллагааг орон нутгийн удирдлагуудын зүгээс яаж зохицуулдаг вэ?

    -Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд хуулинд заасны дагуу эрх үүргээ биелүүлэхийг шаарддаг. Харин нинжа нарын хувьд одоогоор яг ингэж зохицуулна гэсэн дүрэм, журам заавар байдаггүй. Сард гурван удаа орон нутгийн мэргэжлийн хяналтын алба, цагдаагийн ажилтнуудтай хамтарч газар дээр нь очиж шаардлага тавьдаг боловч үр дүнгээ өгөх нь бага. Хуульд дүрмийг үл ойшоодог хэсэг бүлэг хүмүүс гэж хэлж болно

    Д.Долгор

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж