Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Төрийн ордонд үргэлжилж байгаа МАХН-ын ХХVI Их хурлын үйл явцын талаар УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэдний хувьд энэхүү Их хуралд тодорхой үүрэг хүлээн ажиллаж байгаа юм. Тухайлбал, Д.Лүндээжанцан дүрэм боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй бол Н.Энхболд бичиг хэрэг боловсруулах ажлын хэсгийг ахалж байна.  Их хурлаар намын мөрийн хөтөлбөр, хичээн эрмэлзэх зүйл, дүрмийн өөрчлөлтүүдийг тус бүр авч хэлэлцээд байгаа. Төлөөлөгчид ч санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа. Нийт 87 төлөөлөгч үг хэлэхээр бүртгүүлснээс одоогоор 38 нь санал бодлоо илэрхийлсэн. Хурал сунжрах төлөвтэй байгаа тул намын даргын сонгууль шөнө болж болзошгүй. Их хуралд оролцож байгаа төлөөлөгчдийн хувьд намын нэр солих, намын үзэл баримтлалыг шинэчлэх тал дээр нэлээд олон талаас нь нухацтай хэлэлцсэн. Тэр дундаа нам уугуул нэрээ сэргээснээр УИХ дахь МАХН-ын бүлэг тарах уу,  яах вэ гэдэг асуудлыг олонтаа хөндсөн байна. Үүнд бүлгийн дарга Д.Лүндээжанцан:-УИХ-ын тухай хуульд дөрвөн заалтаар намын бүлгийг тараахаар заасан байдаг . Нэгдүгээрт, нам нь татан буугдсан тохиолдолд, хоёрдугаарт бүлгийн гишүүний тоо наймд хүрэхгүй тохиолдолд, бүлэг өөрөө тарах шийдвэр гаргасан нөхцөлд, нам тарсан болон эвсэл тарсан тохиолдолд бүлэг тарна гэж хуульчилсан байдаг. Тиймээс нам уугуул нэрээ сэргээснээр УИХ дахь МАХН-ын бүлэг тарах үндэслэлгүй юм гэлээ. Мөн УИХ-ын дэд дарга Н.Энхболд “Намын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд хот, хөдөөгийн олон төлөөлөгч намын нэрийг сэргээх, намын үзэл баримтлалыг шинэчлэхтэй холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлсэн. Намын уугуул нэрийг сэргээвэл намаасаа гарч, тусдаа нам байгуулаад явна гэсэн үгийг нэг ч төлөөлөгч хэлээгүй. Сэтгүүлчид хаанаас, хэнээс ийм үг дуулчихаад асуугаад байгааг мэдэхгүй юм” гэлээ. Харин сэтгүүлчид “намын Их хуралд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг  үг хэлж дууссаны дараа хурлаа нээлттэй болгосон нь танай намынхны зүгээс зориуд авсан арга хэмжээ юу гэдгийг тодруулбал, бүлгийн дарга Д.Лүндээжанцан:-Их хурал нээлттэй явж байгаа, тэгж хааж боосон зүйлгүй, урсгалаараа л явж байсан нь тэр шүү дээ” гэлээ.

    Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа МАХН-ын Их хурлын хамгийн сонирхолтой хэсэг шөнө дөлөөр болох бололтой. Энэ нь намын даргыг сонгох сонгууль юм.

    Г.Дарь  

     
        

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж