“Эртэч монгол хүн” фестиваль Монголыг сэрээлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

“Эртэч монгол хүн” фестиваль Монголыг сэрээлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон” ТББ-аас улиралд нэг удаа “Эртэч Монгол хүн” фестиваль уулзалт хийдэг бөгөөд намрын фестивалиа энэ удаад Ерөнхий боловсролын сургуулиуд дээр өрнүүлсэн Монгол тэмүүлэл аянаа дүгнэх ажил болгон Нийслэлийн хүүхдийн төлөө газартай хамтран зохион байгууллаа. Тус уулзалтын Гэгээрлийн цагаар “Монгол тэмүүлэл” намрын аяныг дэмжиж гар бие оролцон, өсвөр залуу үедээ үлгэр дуурайлал үзүүлж яваа хүндэт зочид, үйл ажиллагааг идэвхитэйгээр дэмжиж хамтран ажилласан сурган хүмүүжүүлэгчдийг төлөөлж зарим суруулийн захирал, өөрсдийн сургууль дээр болсон хаврын аяны үнэ цэнийг дүү нартаа мэдрүүлж, хүсэл тэмүүллээ бодьтой болгон дадлагажсан Монгол тэмүүлэл оюутны клубийн гишүүд, ЕБС-иуд дээр болсон аяны хүрээн дэх илтгэлийн тэмцээнд амжилттай оролцсон сурагчдын төлөөлөлүүд цөөн хоромд өөрсдийн сэтгэгдлийг илэрхийлсэн юм.

    Ард түмнээ монгол ухаанаар дархлаажуулах зорилгоор зохион байгуулж буй дээрх аяны тухай видео бичлэг сонирхуулан,  сэтгэл сэргээм морин хуурын эгшгээр танхимын жаврыг үргээснээр эртэч монгол түмнийхээ оюуны цангааг тайлах томоохон ажил амжилтаар дүүрэн үргэлжиллээ. Энэ удаад хүүхдүүдээ дагуулж ирсэн зарим эцэг эхчүүд, “Миний хүүхдийг ийм сайхан үйл ажиллагаанд татан оролцуулж, Монгол тэмүүллээр хүмүүжүүлж байгаад үнэхээр их баяртай байна” хэмээн талархлаа илэрхийлж байлаа.

    “Монгол тэмүүлэл”-ийн тэргүүн А.Шагдарсүрэн, “Залуучууд маань өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй сайхан монгол хүмүүс болж төлөвшихөд цагийг үр бүтээлтэй ашиглаж сурах явдал хамгийн чухал юм. Линардо Давенчи 4 цаг тутамд 20 минут буюу хоногт 2 цаг унтдаг байсан бөгөөд амьдралынхаа туршид 10 хүний хийх ажлыг хийсэн байдаг. Тийм учраас та бүхэн цагийн юмыг цагт нь амжуулж сурах хичээл зүтгэлтэй байхыг хүсье” хэмээлээ. Нийслэлийн хүүхдийн төлөө газрын дарга Алтанцэцэг, “Нийслэл хот маань Монгол Улсын нүүр царай, бахархал болсон газар. Энэ хотын иргэд хамгийн ухаалаг, соёлтой, хүнлэг иргэд байгаасай гэж би боддог. Монгол тэмүүлэл ТББ энэ хүслэнт ажлыг гүйцэлдүүлэн хийж байгаа нь сайн хэрэг. Өнөө үед хэн ч ямар ч өндөр боловсролыг эзэмшиж болно. Хамгийн гол нь хүн байхын үнэ цэнээ мэдэрч хүнлэг чанараа авч үлдэх нь л чухал юм” гэсэн бол 57-р сургуулийн захирал Л.Оюунцэцэг, “энд хүмүүс ирсэн болж харагдах гэж биш сэтгэл зүрхээрээ, Монгол тэмүүлэлдээ хөтлөгдөн ирдэг. Анх сургууль дээрээ Эртэч монгол багш, сурагч уулзалтыг зарлаж гаднаас хүмүүс урьж ирүүлээд байхдаа “ийм эрт манайхан цуглах болов уу” гэж дотроо их шаналж байсан. Гэтэл яаран яаран, инээмсэглэсээр орж ирэх гэрэлтсэн царайнуудыг хараад сэтгэл огшиж байлаа. Тэр үед би хамт олондоо, сурагчиддаа итгэл дундуур явдгаа олж хараад гэмших сэтгэл төрсөн. Тэдний дотор ямар их итгэл тэмүүлэл, эрч хүч байдагийг олж харсандаа их баярлаж байгаа. Энэ бол “Монгол тэмүүлэл” аяны үр дүн юм шүү гэдгийг нийт хүүхэд багачууд багш нарынхаа өмнөөс илэрхийлье” гэлээ.

    Ийнхүү эрт ирж эрч хүчээ сэлбэсэн 500 гаруй оролцогч Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгсийн хэлсэн “харанхуйг үлдэн хөөж, нарны гэрлийг угтах уулзвар дээр жаварладаг нарны жаварт цохиулсан хүний хийморь сэргэг байдаг”-ийг мэдэрлээ.  “Намрын фестиваль” уулзалтанд Эртэч монгол хүн уулзалтын ажил хэрэгч оролцогчид, “Монгол тэмүүлэл” аян өрнүүлсэн ЕБС-ийн захирлууд, сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд оролцсон юм.

    Уулзалтын үеэр эрт босох тухай олон сайхан санаачлага гарч байна. “Бид гадаадын зочин урьсан үедээ их сандардаг. Ялангуяа урд зүгээс ирсэн хүмүүс 5 цаг гэхэд зочид буудалдаа босоод суучихсан байдаг. Манайхан наад зах нь 10 цагт тэднийг хүлээж авдаг. Дунд нь 5 цаг сул өнгөрнө гэдэг харамсалтай зүйл. Үнэхээр өмнөөс нь ичмээр юм их болдог. Тиймээс бид энэ хэмнэлтэй хөл нийлүүлж алхах хэрэгтэй” гэж ярих нь ч байлаа.

    2010 оны 3,4 дүгээр сард их дээд сургуулиуд дээр өрнүүлсэн 7 хоногийн  аяны шилдэг оролцогчдын дадлага хөтөлбөр болгож нийслэлийн зарим ЕБС дээр “Монгол тэмүүлэл” намрын аян амжилттай өрнөлөө. Өнгөрсөн хаврын аянаар “Монгол тэмүүлэл” илтгэлийн тэмцээн зохион байгуулж оюутнуудыг уран яруу илтгэх чавараар нь бус эх орныхоо ирээдүйн төлөө санаа тавьж, шаналан шатаж явдаг сэтгэлээ илэрхийлж буй агуулгыг нь анхаарч шүүн шалгаруулсан юм. Илтгэлийн тэмцээнд 15 сургуулийн 200 гаруй оюутан оролцсон. Эдгээр оюутнууд “Монгол тэмүүлэл” оюутны клубт нэгдэж, дүү нараа ирээдүйн зорилго тэмүүлэлтэй, эх орондоо ихийг бүтээх иргэн болон төлөвшихөд тус болох сэтгэл өвөрлөн энэ намар ерөнхий боловсролын сургуулиуд дээр “Монгол тэмүүлэл” намрын аянг өрнүүлэх болсон юм. 2010.09.20-оос эхлэн нийслэлийн 93, 72, 68, 37, 57, 13, Ган зам 20 дугаар дунд сургууль, МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей сургууль, Шинэ Монгол ахлах сургууль, Орхон дунд сургууль зэрэг 10 ЕБС хамрагдсан юм.

    Сурагчид найз нөхөд, багш нар, аав ээж болон ойр дотны хүмүүстээ баярласан сэтгэлээ илэрхийлэх “Талархлын өдөр”, бусдын өмнө алдаа гаргасан бол түүндээ гэмшин захидал илгээж харилцааны бэрхшээлээ давах “Уучлалын өдөр” өөрсдийн сул тал, үг хэллэгээ засах “Хорт зуршлаас салах өдөр” авъяас чадвар, давуу чанараа бусдадаа хуваалцан хөгжүүлэх “Сайныг дэлгэрүүлэх өдөр”, үзэл бодол, хүсэл тэмүүллээ үе тэнгийхэн ард түмэндээ хүргэх “Монгол тэмүүлэл” илтгэлийн тэмцээн зэрэг хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Зарим сургууль дээр сурагчдын зөвлөл, багш нарын санаачилга, сургалтын онцлогоос хамаараад Мэтгэлцээний тэмцээн АХА зэргийг зохион байгууллаа. Хүүхэд залуучуудын эх оронч үзэл, хүнлэг, ёс суртахуунлаг харилцааг төлөвшүүлэх зорилгоор цаашид энэ аяныг Нийслэлийн хүүхдийн төлөө газраас дэмжин нийслэлийн нийт ЕБС-иуд дээр үргэлжлүүлэн өрнүүлж хамтран ажиллах юм.

    М.Тунгалаг.

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж