
Аймгийнхаа ЕБС, цэцэрлэгийн багш нарын ажлын бүтээмжийг дээшлүүлж, бүтээлч идэвхийг өрнүүлэх, сургалт хүмүүжлийн ажлын чанар, үр ашгийг сайжруулах зорилгоор Хэнтий аймгийн Засаг дарга өөрийн нэрэмжит нэгэн шагналыг бий болголоо. Уг шагналд нэр дэвших багш нь багшийн ёс зүйн дүрэм зөрчөөгүй, өөрийн бүтээлч үйл ажиллагаа, мэргэжил ба ажил үйлсээрээ бусад багш нарт үлгэр жишээ болохуйц, бүс, аймаг, улсын ур чадварын уралдаан, сурган хүмүүжүүлэх уншлагад идэвхтэй оролцсон, багш нарт сургалт, семинар зохион байгуулах ур чадвартай, онол арга зүйн мэдлэгээ тасралтгүй дээшлүүлдэг, гадаад хэл ба мэдээллийн технологийн зохих мэдлэгтэй, эцэг эх, олон нийттэй хамтран ажиллаж суралцагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх чиглэлээр амжилт гаргасан байх шаардлагатай аж. Нийт 20 оноогоор дүгнэх шалгуур үзүүлэлтэд стандартын хэрэгжилтийг хангасан, боловсруулан хэрэгжүүлж буй нэгж хичээл болон бусад сургалтын хөтөлбөрийг боловсруулсан, сургалтын орчныг бүрдүүлсэн байдал, багшийн бүтээлч үйл ажиллагаа, суралцагсдын авьяасыг нээн хөгжүүлж байгаа байдал болон бүс, аймаг, улсын уралдаан тэмцээн, олимпиадад оролцсон суралцагчдын амжилт, судалгаа шинжилгээний ажил, суралцагчдын дунд хичээлээс гадуурх ажлыг зохион байгуулсан байдал, хувийн үлгэр дууриал, багшийн бичиг хэргийн хөтлөлт зэрэгт оноо өгч жил бүр ерөнхий боловсролын сургуулийн 3, цэцэрлэгийн 1 багшийг шалгаруулах ажээ.
Тэргүүн байранд шалгарсан сургууль, цэцэрлэгийн тус бүр 1 багшийг өргөмжлөл, 500 мянга, 2-р байранд шалгарсан ерөнхий боловсролын сургуулийн багшийг өргөмжлөл, 400 мянга, 3-р байранд шалгарсан ерөнхий боловсролын сургуулийн багшийг өргөмжлөл, 300 мянган төгрөгөөр тус тус шагнах ба ийнхүү шилдэг багш нарын шагналыг жил бүрийн багш нарын өдрөөр аймгийн Засаг дарга гардуулж, шалгарсан багш нарын туршлагыг нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг аймгийн Боловсрол соёлын газар зохион байгуулах юм байна.
Нийтлэсэн И.Байгалмаа