
Швейцарийн хөгжлийн агентлаг, “Зориг сан” хамтран зургаа дахь жилдээ их, дээд сургуулийн оюутнуудын дунд сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарласан бөгөөд 112 оюутан шалгарч, хөтөлбөрт хамрагдахаар болжээ. Тэдгээр нь бага орлоготой болон малчин өрхийн сурлагаараа тэргүүлэгч оюутнууд аж. Ингэхдээ 65 нь орон нутгаас Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, суралцаж буй юм байна. Тэдэнд батламж гардуулах ажиллагаа энэ сарын 9-нд МУИС-ийн дугуй зааланд болох юм. Дээрх ажиллагаанд Швейцарь улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Блэйз Годе, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд хатагтай Ч.Куланда, Швейцарийн хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч ноён Феликс Феллманн болон “Зориг сан”-гийн удирдах зөвлөлийн гишүүд оролцоно.
Дашрамд сануулахад, өнгөрсөн зургаан жилийн хугацаанд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт нийт 540 оюутан хамрагджээ. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын хувьд нийгэмд тустай бичил төслүүд санаачлан боловсруулж, төслийнхөө хэрэгжилтэд гар бие оролцдог уламжлалтай.
Г.Дарь