Саналын эрхэнд халдахаа хэзээ болих вэ?

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Саналын эрхэнд халдахаа хэзээ болих вэ?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Бусдын санал өгөх товчлуурыг дарсантай холбоотойгоор томоохон асуудал босч
    ирээгүй нь энэ үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

    Парламентад нэгэн буруу жишиг одоог хүр­тэл амь бөхтэй оршсоор. Энэ бол эзгүй бай­гаа гишүүний санал өгөх товчлуураар өөр гишүүн санал өгөх тухай юм. УИХ-ын чуул­ганы хуралдааны дэгийн тухай хуулинд энэ тухай нарийвчлан зааж өгөөгүй бөгөөд, тухайн үйлдлийг хийсэн тохиолдолд хүлээх хариуц­лагын талаар ямар ч зохицуулалтыг оруулаагүй байна. Хариуцлага тооцох зохицуулалт байхгүй нь тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрсөн зүйл биш боловч гишүүд бусдын саналын эрхэнд халдсаар.

    Энэ нь магадгүй чуулганы хуралдаанд оруулж ирсэн асуудлууд, хуулийн төслүүд албан бус хоёр л ангилалд ордог болсноос болсон биз. Ардчилсан намын, Хувьсгалт намын оруулсан асуудал хэмээх зүйлээс болж хувь гишүүний сана­лаас илүүтэй намын бүлгийн зүгээс санал өгөх шаардлагатай болно. Тухайн асуудлыг хэлэл­­цэхэд оролцоогүй байсан ч хуралдаанд ир­сэн гэх карт нь орлож байгаа тул хажуугийн ги­шүүд нь түүний саналыг өмнөөс нь өгч орхино. “Бүлэг дэмжсэн тул гишүүн нь дэмжих нь тодорхой” хэмээх дүрэм энд үйлчилнэ.

    Зарим орны хуулинд ийм үйлдлийг шууд хориг­­лодог бөгөөд хүлээлгэх хариуцлагыг ч тодор­хой зааж өгсөн байдаг. Мөн гишүүний ёс зүйн дүрмээр зохицуулдаг орнууд ч  нилээд аж. Хариуцлага өндөртэй улсуудыг Франц, Орос ул­сууд тэргүүлдэг бөгөөд бусдын саналын тов­чийг дарсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг цуц­лах тухай ч яригддаг гэнэ. Хэрэв Монголд энэ мэт хатуу зохицуулалт үйлчилдэг бол УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хариуцлага хүлээх юм. Өөрөөр хэлбэл УИХ-д бусдын товчлуур дараа­гүй гишүүд тун цөөхөн бий.

    Саяхан чуулганы хуралдаанаар Орон сууц­ны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуу­лийн төслийн талаар хэлэлцэх эсэх талаар хэлэл­цээд санал хураахад нийт хуралдааны 99 хувьд нь шүүмжлэгдэн, буцаагдах тухай яриг­даж байсан төсөл “дэмжинэ” хэмээн гарч ирчээ. Энэ нь хуулийн төслийг оруулж ирсэн сайд ги­шүү­ний зүтгэлтэй салшгүй холбоотой. Учир нь т­э­рээр ганцаараа л гэхэд 4,5-н хүний саналын товч­луурыг дарж амжсан юм. Хэдий уг хуулийн төсөл дэмжигдсэнээрээ ач холбогдолтой бай­­сан ч зүй бус санал хураалтыг зөвтгөх үндэс­лэл болж чадахгүй. Түүнчлэн одоогоор бус­дын санал өгөх товчлуурыг дарсантай хол­боотойгоор томоохон асуудал босч ирээгүй нь энэ үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

    Хулгай хийж бай­гаа­тай л адил­хан зүйл

    Л.Гүндалай:

    Уг нь энэ асуу­дал байж бо­лохгүй. Хү­ний өм­нөөс кноп дар­­­­­­­­­на гэ­­­­­­­­­­­­дэг нэг­дү­гээрт хууль зөрчсөн асуу­дал. Хоёр­дугаарт ёс суртахууны асуудал. Ер нь хулгай хийж байгаатай л адилхан зүйл.  Төрийн эрхэнд сууж буй төрийн түшээ хүн ийм үйл ажиллагаа явуулах нь бүдүүлэг хэрэг. Ийм зүйлийг байлгамааргүй л байгаа юм. Манай их хурал, Засгийн газар, төрд хаа сайгүй үүрэг хариуцлагаа мэддэггүй, мэдлэг боловсролгүй нөхдүүд ихэсчихсэн байна.

    Үүнээс болж огцорч байсан тохиолдол ч бий

    Г.Баярсайхан:
    Японд байхгүй ги­шүү­нийхээ өмнөөс са­­нал өгөх товчлуурыг нь дарснаас болоод ог­­цорч байсан тохиол­дол ч бий. Энэ бол улс төрийн соёл өндөр хөгжсөн орны улс төрийн энгийн үзэг­дэл гэж харагддаг. Боди­тоор нь хэлэх юм бол ма­най гишүүд хурлын са­нал хураах ирц хүрэхгүй шалтгаанаар бусдынхаа товч­луурыг дардаг. Гишүүдийн өмнөөс товчлуурт гар хү­рэх зүйл байж болохгүй.

    Та дарж байсан уу?

    Дарж байсан. /Инээв/ Гишүүд ойр зуур гарах то­хиол­дол бас байдаг. Энгийн жишээ хэлэхэд, чуулганы хурал­даан дээр сууж байхад зочин, төлөөлөгчид ирэх зэ­рэгт хажууд сууж байгаа гишүүндээ би энэ асуудлыг дэмжиж саналаа өгнө шүү гэж хэлээд гарах зүйл байдаг. Ийм тохиолдлыг ялгаж үзэх хэрэгтэй л дээ.   

    Нэг хүн хэ­дэн хүний өм­нөөс санал өгч байна

    Р.Раш:
    Бусдын са­­­нал өгөх товч­­­луурыг өө­рийн дураар а­шиг­­лах зүйл байж болохгүй. Саяхан чуул­ганаар хэ­лэл­цэхээр бол­сон хуулийн төслийг хэлэлцүүлгийн үеээр нэг хүн хэд хэдэн хүний товчлуур дээр дарж харагдана билээ.

    Сүүлийн үед л иймэрхүү зүйлч гарах боллоо. Хуулийг батлахдаа цаанаа талцах маягийн юм хийгээд байна. Төрийн хуулийг иймэрхүү байдлаар гаргаж болохгүй.

    Э.ЭНХЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж