
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж
-МАХН-ын дарга С.Батболдыг өөрчлөн, оронд нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг сонгох сценари бичигдсэн тухай хэвлэлүүдэд бичиж эхэллээ. Үнэхээр энэ эрхмийг өөрчлөх цаг нь болчихсон уу, Их хуралд оролцогчдын уур амьсгал ямар байх юм?
-Ер нь бол намын даргад хэн дэвших, яах нь тодорхой биш байна шүү дээ. Их хурлын процесс үргэлжилж байна, намын даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудал хараахан болоогүй байна. Юмыг болсон цагт нь л ярьсан дээр шүү дээ.
УИХ-ын гишүүн А.Тлейхан
-УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг намын даргад нэр дэвших юм байна гэдэг мэдээллийг өөрөөс чинь л сонслоо. С.Батболд даргын хувьд намын даргаар сонгогдоод удаагүй байгаа, ажлаа эхэлж л байна. Шинэ зүйлийг ч эхлүүлж л байна. Их хурлын тухайд одоохондоо намын даргад хэн, хэн нэр дэвших юм гэх мэт нарийн ширийн зүйл рүү ороогүй, ерөнхий илтгэлээ хэлэлцээд асуулт, хариулт л үргэлжилж байна л даа.
-Ер нь намын даргыг өөрчлөх шаардлага байгаа юу?
-Миний хувьд өөрчлөх шаардлага харагдахгүй л байгаа. Боломжийн ажиллаж байна гэж дүгнэдэг. Шинэ хүн ажлаа шинэ байдлаар эхэлж, шинэчлэлээ эрчимжүүлье, хөгжье, манлайлъя гэж байна шүү дээ.
-С.Батболд даргын хувьд хамтарсан Засгийн газрыг удирдаад нэг жилийн хугацаа өнгөрчихлөө. Ажилд нь ямар дүн тавих вэ, та?
-Хамтарсан Засгийн газар бол нийгмийн захиалга. Ард түмний сайн сайхны төлөө, Монгол Улсын хөгжлийн төлөө байгуулагдсан, үүргээ биелүүлж байна. Дотор нь байгаа ганц нэг сайдуудын хувьд ажлыг нь сайжруулах талаас шахаж шаардах зүйл байдаг. Тийм учраас Засгийн газар үүргээ биелүүлж байгаа. Цаашдаа ч хамтарсан Засгийн газар ажиллах ёстой. Ингэж байж улс орон хөгжих ёстой. Хамтарсны үр дүнд олон жил яриад ажил хэрэг болгож чадаагүй том том төсөл шийдэгдэж эхэллээ шүү дээ. Эцсийн эцэст үүнээс ард түмэн л хожих ёстой, түүнийг дагаад Монгол Улсын хөгжил урагшлах учиртай.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар
-Намын даргыг өөрчлөх шаардлагатай, шаардлагагүй гэдэг асуудал бол намын Их хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудал. Намын Их хурлаар МАХН-ын даргыг албан ёсоор сонгох асуудал хөндөгдөнө гэж ойлгож байгаа. Ер нь энэ нам дотоод ардчилалтай байгаагийн нэг шалгуур бол өрсөлдөөн. Эрүүл саруул өрсөлдөөн. Манай намын дүрмээр бол өрсөлдөөнийг зохицуулж өгсөн байдаг. Би бол МАХН-ын дарга бол хүчтэй, итгэлтэй байх ёстой. Олон түмний итгэл дэмжлэгийг хүлээхээсээ гадна юун түрүүнд намынхаа төлөөлөгчдийн итгэл дэмжлэгийг хүлээсэн байж, сая шинэчлэлийн бөгөөд улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эр зориг чадавхитай болно. Хуулийн хэллэгээр бол легетив шинжтэй болно. Тэгэхээр энэ намын Их хурлын нэг том зорилт бол манай намын удирдлагыг өөрчилдөг ч бай, шинэчилдэг ч бай хууль зүйн утгаар нь хэлэх юм бол энэ намын удирдлагыг эрх зүйн хувьд дахин баталгаажуулж, дараагийн хоёр жил ажиллах эрх зүйн боломжийг Их хурал бүрдүүлэх учиртай.
Үүнийг бүрдүүлэхийн тулд манай намын өмнөх Их хурлаас баталгаажуулсан юм бол 2 жилд намын Их хурлаа хийж байхаар зохицуулсан нь олон түмнийхээ хүсэл шаардлага болоод намынхаа дотоод амьдралын хүрээнд ирж байгаа тэр сигналуудыг мэдэрдэг байж, мэдрэхийнхээ хэрээр намын удирдлагын төвшинд үйл ажиллагааны тодорхой өөрчлөлтүүд ордог байх тэр үүднээс Их хурлыг хуралдуулж байхаар дүрэмдээ тусгасан гэж ойлгодог. Энэ утгаараа МАХН өөрийнхөө намын дотоод ардчиллыг харуулж, бататгаж энэ хэмжээгээр илүү хүчтэй, ХХVI их хурлын дараагаар бол улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд илүү эрч хүчтэй орно.
-Хамтарсан Засгийн газарт Их хуралд оролцогчид ямар дүгнэлт өгч байгаа вэ?
-Хамтарсан Засгийн газрын тухайд Их хуралд оролцогчдын зүгээс шүүмжилсэн, дэмжсэн дэмжсэн өнгө аясыг аль алиныг илэрхийллээ. Энэ нь нэг талаараа хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн, тийм л Их хурал болж байна.
-Намын даргыг өөрчлөх эсэх асуудал дээр таны байр суурь?
-Намын даргыг өөрчлөх тухай асуудал бол намын Их хурлын зорилго бол бас биш. Бидний хамгийн их зорьж байгаа асуудал бол шинэчлэлийн алхмыг эхлүүлэх ёстой юм. Шинэчлэлийн асуудал энэ Их хурлаар шийдэгдээд дуусчихгүй. Шинэчлэлийг санаачлах нэг хэрэг, шинэчлэлийг бодит байдал болгон хувиргахад цаг хугацаа орно. Шинэчлэлийг хийх чадвартай, шинэчлэлийг хийхийн төлөө хүсэл зориг байсан эсэх нь намын удирдлагын өмнө сорилт болж, намын хамт олны өмнө, ард иргэдийн өмнө асуултын тэмдэгтэй хүлээлттэй үлдэнэ. Бид энэнд хариулт өгөх, мөн шинэчлэлийг эхлүүлэхийн тулд л намын Их хуралд оролцож байгаа гэж би хувьдаа ойлгож байгаа.
-Намын даргад Ө.Энхтүвшин гишүүн өрсөлдөхөөр орж ирвэл та дэмжих үү?
-Ардчиллын амин сүнс нь нууц санал хураалт гэж үздэг. Хүн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Намын даргад өрсөлдөөн гарах нь зүй ёсны асуудал гэж үзэж байгаа. Зүй ёсны учраас намын Их хурлын төлөөлөгчид өөрсдийнхөө хүсэл зоригоор сонголтоо хийн, саналаа өгөх ёстой. Хэн нь ч байлаа гэсэн гишүүдийнхээ сонголтоор тэр хүн манай МАХН-ын гишүүдийн итгэл дэмжлэгийг хүлээсэн намын дарга болоод л явна.
УИХ-ын гишүүн Н.Ганбямба
-Аль ч нам Их хурлаараа өмнөх Их хурлаас хойш хийсэн ажлаа дүгнэдэг. Тэгээд бас зохион байгуулалтаа хийдэг. Зохион байгуулалтын асуудал гэдэг бол Их хурлуудын хооронд намын удирдах дээд байгууллага намын бага хурлын бүрэлдэхүүн, намын даргыг сонгодог. Тэр асуудлуудаа хийдгээрээ хийгээд л явна. Тэр бол нэг их сонин асуудал биш Зарим хүмүүс ойлгохдоо намын дарга Дорж болох юм уу, Дондог болох юм уу, Энхтүвшин гэдэг хүн өрсөлдөнө гээд л… Тийм явцуу их хурал хийх юм бол тэгж их хөрөнгө мөнгө зараад яах юм. Өчнөөн олон хүн нэр дэвшиж болно ш дээ, 10, 20, 30 хүн нэр дэвшихийг үгүйсгэх аргагүй. Тэгээд намын даргаа сонгодгоороо сонгоод явдаг ердийн л юм. Намын дүрмийг харвал Их хурал болгон дээр л хэлэлцдэг юм нь энэ. Нөгөө намын даргыг хэлэлцэх цаг нь ирэхээр эсвэл хуучин даргаа сонгочихдог, эсвэл өрсөлдөөн дундаасаа дахиад нэг өөр хүнийг сонгох нь Их хурлын төлөөлөгчдийн л асуудал. Тэр дүрмээрээ л явна.