Замбараагүй асгасан хогийг цэвэрлэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Замбараагүй асгасан хогийг цэвэрлэж эхэллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрөгч сарын 22-ноос эхэлсэн Хот тохижилтын газрын ажилчид, удирдлагын хоорондох маргаан, тэмцэл арав гаруй хоног үргэлжилж тус газрын  дарга С.Бямбасүрэнг огцруулснаар хур­цад­мал байдал бага зэрэг намжлаа. Нийслэл хотод өдөрт 800-1000 тонн хог хаягдал төвлөрсөн хогийн цэгүүдэд очдог гэхээр арав гаруй хоногт хичнээн тонн хог хуримтлагдсан нь ойлгомжтой. Тухайлбал Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компани  дээрх өдрүүдэд хашаандаа хог хурааж, хог хаягдлын эхүүн үнэрт хэдэн өдөр тэссэн. Харин хогийн цэг нээлттэй байхад хог асгахаас цаарагладаг зарим, иргэд байгууллага энд тэнд бичил хогийн цэг үүсгээд амжив. Дээрх өдрүүдэд ганцхан Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг нээлттэй байсан болохоор хашааны гадуур иргэд, байгууллага, ТҮК-ууд хог ил задгай замбараагүй асгаж, улмаар хаа сайгүй  гал асч нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн. Хэдий болтол үргэлжлэх нь тодорхойгүй дээрх маргаан С.Бямбасүрэн дарга  ажлаа өгөх тэр өдөр хүртэл  сунжрах байв. Учир нь эсэргүүцэл илэрхийлж, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоод  байсан хот тохижилтын газрын ажилчид даргаа огцорхоос нааш тэмцлээ зогсоохгүй хэмээн мэдэгдэж байсан юм.  Ажлаа дөнгөж хүлээж авсан Хот тохижилтын газрын дарга  Б.Бямбадорж, өмнөх даргынх нь  тарьсан “балгыг арилгах” ажилд ханцуй шамлан оржээ.

    Хот тохижилтын газрынхан уртасгасан цагаар ажиллаж эхэллээ
    Хот тохижилтын газрын  дарга Ц.Бямбадорж өчигдөр  Морингийн даваанд ажиллах  ажлын хэсэг  томилжээ. Сүүлийн 10 гаруй хоног  хашааны гадуур ил задгай асгасан  1,2 га газрын хогийг цэвэрлэх, хөрс тэгшилж булах, ил задгай асгасан хогноос үүссэн галыг унтраахаар ажиллаж байна. Морингийн даваанд нийтдээ 11 машин, 1 трактор, 1 эксватор хуваарилж, шөнийн 12 цаг хүртэл ажиллах аж. Илүү цагаар ажилласан ажилчдад цалингийн нэмэгдэл олгох тушаалыг ч мөн гаргажээ.Түүнчлэн  Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг, Баянзүрх дүүргийн 12 хороонд   хуримтлагдсан хогийг тус тус  мөн цэвэрлэх ажил өрнөж буй.  Харин гэр хороололд үүссэн бичил хогийн цэгийг хэн, хэзээ цэвэрлэх нь тодорхойгүй. Хот тохижилтын газрынхан лав цэвэрлэхгүй бололтой.

    ТҮК-ууд хуримтлагдсан хогоо өөрсдөө ачих аж
    Нийслэлийн есөн дүүргийн Тохижилт үйлчилгээний компа­ниуд/ТҮК/ өөрсдийн  хүчээр ху­рим­талсан хогоо цэвэрлэх аж. Нийслэлийн ихэнх ТҮК-ууд На­ран­гийн энгэр, Улаанчулуутын төв­лөрсөн хогийн цэгт хогоо асгадаг аж. Сүүлийн хоёр долоо хоног хаалттай байсан учир тэд Морингийн даваанд асгахаас өөр гарц байгаагүй. Харин  зарим дүүргийн ТҮК-ууд хогоо Морингийн даваанд асгаагүй учир  мөн л өнөөдрөөс Нарангийн энгэрт хогоо асгах ажил ундарсан байна. Хот тохижилтын газрын дарга асан С.Бямбасүрэн хэдэн хоногийн өмнө хийсэн хэвлэлийн хурлын үеэр “тэмцэл нэрийдлээр хууль бус үйлдэл хийж буй хүмүүсийг албадан зогсоосон тохиолдолд гэр хороололд үүссэн хогийн цэг, ТҮК-уудын хогийг хэдхэн өдөрт  ямар ч асуудалгүй цэвэрлэчихнэ, хөрөнгө нь байна” гэх үг унагаж байсан юм. Харин тэр үг хэдийнээ  хүчингүй бол, албан тушаалтайгаа хамт замхарсан нь ойлгомжтой.

    Ялсан   хэдий ч ажилгүй үлдлээ. Одоо яах вэ?
    Хот тохилтын газар 160-аад ажилтантай аж. Хэдхэн хоногийн өмнө ажлаа өгсөн С.Бямбасүрэн өнгөрөгч найман сард ерөнхий инженер, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, Авто баазын механик инженер  нарын  долоон хүнийг  ажлаас нь халсан бол үүрэгт ажлаа өгөхөөс хэдхэн цагийн өмнө буюу энэ сарын 3-ны өглөө  нярав, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, тооцооны нягтлан зэрэг дөрвөн ажилтныг мөн халах тушаал гаргажээ. Дээрх ажилчид бүгд үндэслэлгүй халагдсан хэмээн Захиргааны хэргийн шүүх, Хөдөлмөрийн маргааныг зохицуулах хороонд  хандаад байгаа аж. Өнгөрөгч найман сард халагдсан  нэр бүхий ажилчдын “Ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд нь буцаан авах тухай” тогтоол энэ долоо хоногтоо багтаж нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс ирнэ гэж байв. Хот тохижилтын  газрын ажилчдын хэлснээр “С.Бямбасүрэн дарга ажлаа өгөх  шийдвэр гаргасны  дараа эсэргүүцэл илэрхийлсэн зарим хүмүүсийг зориуд ажлаас халах шийдвэр гаргасан нь тодорхой. Учир нь дээрх хүмүүсийн дотор тэмцэлд идэвхитэй оролцож,  удирдаж байсан Үйлдвэрчний эвлэлийн гишүүн хүртэл бий. Хөдөлмөрийн маргааныг зохицуулах журмаар  ажлаа өгөх өдрөө олон хүн халах тушаал гаргахыг  зөвшөөрдөггүй  юм билээ. Тэгэхээр буцаж ажилд орно гэж найдаж байгаа” гэцгээв.

    Хот тохижилтын газрын дарга Хамтын гэрээ байгуулах гэнэ
    Хотын захирагч Г.Мөнхбаярын томилсон Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  төлөөлөгч гэнэ. Түүнчлэн хог боловсруулах үйлдвэрлэл, техник технологийг Монголд нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. Тэрбээр ажилчидтайгаа  “Хамтын гэрээ “ байгуулан  ажиллах талаар дурджээ. Хамтын гэрээнд ажилчдын цалин хөлс, хангамж, илүү цагийн урамшуулал, ажиллах нөхцөл зэргийг тусгах юм байна.

    Нэг байгууллагын дотоод зөрчлөөс болж нийслэлчүүдийн эрх ашиг хохирсон дээрх үйл явдал  давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Хот тохижилтын газрын даргыг томилох, үүрэгт ажлаас нь чөлөөлөх эрхтэй нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын томилгоо “нүдээ олсон” байгаасай.

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж