-Сурах бичиг хэвлэх, тараах ажил яагаад удаашралтай байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын нийт 58 сурах бичиг зохиох, хэвлэх, хүргэх ажлыг бүрэн хийж гүйцэтгээд байна. Сурах бичиг хэвлэх тараах ажлыг хэвлэхээс12 жилийн сургалттай 3,8 дугаар ангид ашиглах 24 нэр төрлийн сурах бичиг хэвлэх, тараах ажил цаг хугацаандаа амжсан. Харин дээрх ангийн сурагчдын энэ хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийн хэвлэх ажил “Азийн хөгжлийн банк”-наас орж ирэх санхүүжилт оройтсноос болж тодорхой хугацаагаар удааширсан тал бий. Өнөөдрийн байдлаар бүх ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг энэ хичээлийн шинэ жилд үзэх сурах бичгийг хүргэж, тараах ажил бүрэн дууссан.
-Нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулиуд өнөөдрийг хүртэл 12 жилийн сургалттай 3, 8 дугаар ангийн сурагчид сурах бичиггүй өдийг хүрч байна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар?
-БСШУЯ-наас энэ хичээлийн жилд ашиглах бүх сурах бичгийг сургуулиудад хүргүүлсэн. Салбар хариуцсан яамнаас шалтгаалах зүйл одоогоор байхгүй, харин нийслэийн Боловсролын газар, дүүргийн боловсролын газраас энэ асуултын хариултыг тодруулж асуух хэрэгтэй байх. БСШУЯ-наас ерөнхий боловсролын бүх сургуулиудад ямар ангид хичнээн ном сурах бичиг хэрэгтэй байгаа, хаана илүүдэлтэй байгаа эсэх талаар бүрэн судалгаа явуулж, нөөцөөс гаргуулж шаардлагатай сургуулиудад хуваарилсан байгаа. Яг энэ асуудлаар иргэд, эцэг эхчүүдийн ирүүлсэн санал, гомдлын дагуу нийслэлийн Ерөнхий боловсролын 84 дүгээр сургууль дээр яамны удирдлагууд очиж, зөрчлийг арилгасан байгаа.
-Хөдөө орон нутаг одоогоор сурах бичгээр бүрэн хангагдсан гэж ойлгож болох уу?
-Аравдугаар сарын 2-нд хамгийн сүүлийн шатны сурах бичгийн хэвлэж дууссан. Хүргэх тараах ажлыг орон нутагт аравдугаар сарын 12-нд хэрхэн зохион байгуулж, хэдий хугацаанд тараасан талаар тайлангаа албан ёсоор ирүүлэхийг мэдэгдэл хүргүүлсэн байгаа.
-Энэ жилийн хувьд сурах бичгийн үнэ ханш дунджаар?
-Энэ оны тухайд дунджаар 1000-3000 төгрөгөөр сурагчдад худалдах юм.
-Зарим тохиолдолд сурах бичгээ худалдаж авах чадваргүй сурагчид олон бий. Үүнийг БСШУЯ-наас хэрхэн зохицуулж байгаа вэ?
-11 жилийн сургалттай бага ангид 80 хүртэл хувийг, 12 жилийн сургалттай бага ангид 100 хувь хүртэл төрөөс хангаж байгаа. Дунд, ахлах ангид 40 хүртэл хувийг нь хангана. Өөрөөр хэлбэл, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувьд сурах бичгээ худалдан авах чадваргүй сурагчдыг хамруулах зорилгоор дээрх хувийг гаргаж, ерөнхий боловсрол сургуулиудад мөрдөж байгаа.
-Ирэх оны хичээлийн жилд сурах бичиг зохиох, хэвлэх ажил хэдийнээс эхлэх вэ?
-Дараа жилийн сурах бичгийн асуудлыг бүтэн жилийн өмнөөс буюу есдүгээр сараас эхэлж байгаа болохоор ирэх жил цаг хугацаандаа амжина