
Эрээд, сураад олдохгүй байсан ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар НҮБ-ын индэрийн араас 47 орны төлөөлөгчдөд дэндүү ташаа мэдээллийг өгч байсан тухай өмнөх дугаартаа бид нийтэлсэн.
Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хамгаалж чадахгүй байгаа шалтгаанаа байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарласан нь бүр гайхашруулав. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас үүсч буй хүний эрхийн зөрчлүүдийг үгүйсгэсэн, өөрсдийн унхиагүй байдлаа хаацайлсан өнгө аястай үгийг нь дахин сонсох бүрт яаж ингэж улайхгүй хэлж чаддаг юм бол оо гэх бодол өөрийн эрхгүй төрнө.
Засгийн газраас асуумаар байна. Дарханы Хонгор, Төв аймгийн Заамар, Жаргалант, Борнуур, Сэлэнгийн Мандал, Ерөө, Баянхонгорын Баян-Овоо, Бөмбөгөр, Өмнөговийн Мандал-Овоо, Ханбогд. Энэ мэт олон нутагт учирсан гамшгийг та нар юу гэх вэ. Цаг агаарын өөрчлөлт, байгалийн гамшгаас болоод эдгээр нутаг цианит мөнгөн усанд хордчихов уу. Монголын газар нутгийн 203 мянга 508 ам метр газрын хөрс цианит, мөнгөн усанд хордсоноос болж нутгийн иргэд олноороо хордоод байхад байгалийн араншин ямар хамаатай болж байгаа хэрэг вэ. Өвчин туссан иргэдийг “хамуутай” гэчихээгүйд чинь харин талархая.
Төрийн бус байгууллагуудын Форумаас НҮБ-д явуулсан илтгэлд дурдсанаар бол нийт нутгийн 14 мянга 565 га газар уул уурхайн нөлөөллөөр эвдэрснээс ердөө 3708 га-д нь зөвхөн техникийн нөхөн сэргээлт хийсэн биш үү. Нөхөн сэргээлт хийгээгүй газар нутаг яаж талхлагдсаныг “дотоодоо” мэдэхгүй гадаад харилцааны түшмэл ч яаж мэдэх вэ дээ.
Ашигт малтмалын газраас авсан мэдээллээр нийт нутгийн 47 сая га газарт хайгуулын лиценз олгосон байсныг 21 сая га газар болгосон аж. Хэдийгээр энэ тоо буурсан мэт үзүүлэлт боловч 21 сая га газар хэдэн сумыг нутгийг хамарч байна вэ гэдэгт асуудлын гол гогцоо оршино.
Үүний уршгаар хэдэн малчин малаа бэлчээх бэлчээргүй болж, өвөлжөөнөөс хөөгдөж, өөр нутгийнханд гадуурхагдаж явааг төрийнхөн мэдэх үү. Малчдын хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхгүй болчихоод байгаагийн тод жишээ нь энэ. Үүнээс болоод амьдрах газар нутаггүй бологсод буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулынхан “Пураам” компанитай буудалцсан хэрэг гарсан. Увс аймагт ч ийм зөрчлөөс болоод үймээн үүссэн. Говь-Алтайн Бигэрт бас л жагсаал цуглаан болж эрдэнэт хүний амь нас эрсэдсэн. Энэ үеэр цагдаагийнхан иргэдийн буудсан бичлэгийг үзүүлнэ гэж байснаас бус нутгийн иргэдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж, амьжиргаа нь доройтож байгаа тухай нэг ч мэдээлэл хийгээгүй.
Өнөөдрийн байдлаар хайгуулын болон ашиглалтын 4000 лиценз бий. Үүний уршгаар малчид амьдрах нөхцөлгүй болж малаа зараад хот руу ирж, ажилгүйчүүдийн тоог нэмж буй. Мөнөөх амьдрах, амьжиргааныхаа эх үүсвэрээ сонгон, хамгаалуулах эрхийг нь ингээд уландаа гишгэлчихсэн. Ийм эрх нь зөрчигдсөнөөс болж жилд 10 мянган иргэд хөдөөгөөс хотод шилжин суурьшдаг гэсэн статистикийн тооцоо байна.
Хүний эрх. Хүний эрхийг хамгаалж байна гэж ярихад хэцүүхэн ийм нөхцөл байдлыг байгалийн гамшигтай, цаг уурын өөрчлөлттэй яаж холбож чадаж байна аа. Уул уурхайн буруу үйл ажиллагаанаас болоод Дархан-Уул аймгийн Хонгор сумын усыг хэрэглэх боломжгүй болсон тухай таагүй мэдээллээр энэ эрхийн зөрчлийг үргэлжлүүлж болно. Сум суурингаар нь хордуулчихсан энэ хэргийн буруутан нь Өршөөлд хамрагдсан бол хохирсон иргэдэд өнөөг хүртэл нөхөн төлбөр өгөөгүй. Харин ч эсрэгээрээ Хонгорыг хортой гэдгийг нотолсон мэргэжилтнүүд албан тушаалаасаа халагдаж, “Хоргүй” гэсэн этгээдүүд тушаал дэвшин зарим нь бүр дэд сайд болтлоо дэвшсэн.
Уул уурхайн сөрөг нөлөөгөөр 5128 гол горхины 852 нь, 9306 булаг шандын 2277 нь, 3747 нуур цөөрмийн 1181 нь, 429 рашаанаас 60 нь ширгэж, хатжээ. Гэхдээ энэ бол одоогоос гурван жилийн өмнөх судалгаа. Энэ жилийн байдлаар энэ тоонд хэрхэн өөрчлөлт орсоныг тогтоогоогүй л байна.
Ийм байтал дахиад мянга мянган иргэдийн эрх ашгийг зөрчихүйц шийдвэрийг гүйцэтгэх засаглалынхан гаргаж, асуудлыг өөр тийш мушгиж, нуун дарагдуулж байгаа нь тэд иргэдийнхээ эрхийг хамгаалахын төлөө бус гэлтэй.
Удахгүй Хөвсгөл нуурын орчмын Бүрэнхааны фосфоритын ашиглахаар болоод буй. Хэрэв энэ ордыг ашиглаж эхэлбэл нуур орчимд амьдардаг хүн ам, ан амьтанд сөргөөр нөлөөлж устаж үгүй болох аюултай төдийгүй Монгол Улсын цэнгэг усны 74 хувийг агуулдаг Хөвсгөл нуурт өөрчлөлт орох аюултайг одоогоос арван жилийн өмнө Оросын эрдэмтэд тогтоож байлаа. Сүүлийн жилүүдэд уул уурхайн буруу үйл ажиллагаанаас болоод голын голдирол, усны нөөцөд өөрчлөлт орж усны бохирдол бий болсоор байгаа нь иргэдийн өмнө хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлж чадахгүй байна гэж үзэх хангалттай шалтгаан. Үүнээс болоод иргэдийн өмнө хүлээсэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх үүргээ умартаж байна. Ганцхан жишээ дурдахад, энэ бүхнээс болоод иргэдийн бүхий л эрхүүд зөрчигдөж, гаж төрөлт, хордлогоор амь алдах, орон гэргүй бологсдын тоо нэмэгдсээр байна.
Асуудал ийм байтал Үндэсний илтгэлийг боловсруулах ажлын хэсэгт багтсан ЭМЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга байсан Б.Отгонжаргал “Монгол Улс анх удаагаа Үндэсний илтгэлээ боловсруулсан шүү дээ. Анхных гэхэд амжилттай болсон гэж үзэж байна. Цаашид улам боловсронгуй болгох хэрэгтэй болов уу” гэж хээв нэг хариулав. Харин илтгэлийг танилцуулсан ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нь НҮБ-ын индэр дээр “Цаг уурын өөрчлөлтөөс болоод иргэдийн эрх зөрчигдөж байна” гэж хачин зүйл яриад зогсож байх. Эндээс хийж болох хялбархан дүгнэлт гэвэл тэд иргэдийнхээ эрхийг хамгаалахын төлөө бус эрхийг нь хамгаалах үүргээ умартсанаа хэрхэн нуун далдлахыг ч хичээгчид аж. Тийм л төрийн машин Монголд ажиллаж байна. Ийм машин иргэдийн эрхийг элдвээр зөрчинө үү гэхээс хамгаална гэж худлаа. Уг нь “машин” иргэдийг бус иргэд машиныг жолооддог хуультай биш бил үү.
“Цаг уурын өөрчлөлтөөс” л өөр болчихдоггүй юм бол…