Та бидний өвөг дээдэс маш олон давааг туулж, зовлон зүдгүүрийг тэсч, хойч үедээ нутаг усаа өвлүүлэн үлдээх гэж, өнөөдөр биднийг амгалан сайхан амьдруулах гэж үеийн үед тэмцэж ирсэн билээ. Тийм ч учраас бид өвөг дээдсээ хүндлэн биширч, тэдний үнэт сургаалийг мөрдөж, ач гавьяаг нь санаж, тэдний үйл хэргийг үргэлжлүүлэн мөнхөлж амьдрах үүрэгтэй.
Юм болгон учиртай байдаг. “Цаг хугацаа” гэдэг зүйлийн тохиол болгоныг андаж анзаарч байх ёстой гэж би боддог юм. Тэгвэл энэ жил Монголын төр тусгаар тогтнож, манжийн дарангуйллаас гарсны 99 дэх жилийн ой тохиож байна. Бар жил. Энэ цагаан барс жилд бидний өвөг дээдэс газар нутгаа хамгаалж, хойч үеэ өмгөөлж гарсны 99 дэх жилийн ой тохиож байна.
Монголчуудад нэгэн уламжлал бий. Монгол хүн бүхэн цайны дээжээ өргөхдөө, тэнгэр бурхандаа залбирахдаа “Дээд 99 тэнгэр минь ээ” хэмээн сүсэглэдэг. Тэгвэл бидний 99 тэнгэрийн шүтлэгт ой энэ онд тохиож байна. Бид энэ хувь тохиолыг ямар нэгэн үйл үгүйгээр, ямар нэгэн үйлдэлгүйгээр өнгөрөөж боломгүй санагдана.
Иймд Монголын төр 99 тэнгэрийн ивээлт жилдээ Мөнх Тэнгэртэйгээ золгосны бэлгэдэл болгон Мөнх Тэнгэрийн өмнө Монгол төрийн галыг бэлгэдэн бадраах цаг нь ирсэн мэт мэдрэгдэнэ.
Монгол төрийн тулгын галыг гурван бүслүүртэй, гурван баганатай, тулгын гурван чулуутай, нийт есөн зүйлээр тахин шүтэх уламжлалтай ба тэдэн дээр гал залгагдан арав болсноор Мөнх Тэнгэрийн сүр хүч бадардаг билээ. Үүрд мөнх мандан бадрах тэрхүү гал Мөнх Тэнгэрийн үр сад Монголчууд бидний хийморийг сэргээж, Монголын төр Мөнх Тэнгэртэйгээ дахин нэгдсэнийг үеийн үед зарлан тунхаглах буйзаа.
Эрхэм ерөнхийлөгч өө, бид энэ 99 жилийн ой хийгээд, 99 тэнгэрийн өмнө зовлонгоос ангижирснаа Мөнх Тэнгэртээ дуулгахгүй байж болохгүй ээ. Учир нь бид Мөнх Тэнгэрийн үр сад, хөх толботой монголчууд. Бид хүн төрөлхтний гал үндэстэн.
Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч эрхэм Ерөнхийлөгч та миний саналыг хүлээн авна гэдэгт итгэж байна.
Монголын төр түмэнтэйгээ тулган дахь гал шигээ эвцэлдэн бадрах болтугай!
УЛСЫН ИХ ХУРЛЫН
ГИШҮҮН
