Бэлэн бус гүйлгээ бүртгэлтэй болно

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Бэлэн бус гүйлгээ бүртгэлтэй болно

“Бэлэн ба бэлэн бус төлбөр тооцоог бүртгэж урамшуулах тухай” хуулийн төслийн хэлэлцүүлгийг энэ гуравдугаар сарын 26-ны баасан гаригт Монголын Татварын ерөнхий газар /ТЕГ/ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран хийсэн. Хэлэлцүүлэгт ТЕГ-ын удирдлагууд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид оролцсон. Хэлэлцүүлэгт ТЕГ-ын дарга Ц.Оюунбаатар, Татварын удирдлага, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Эрдэнэбаатар, Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга Г.Батсайхан, Татвар хураалтын хэлтсийн дарга С.Туул нар илтгэл тавьж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Ц.Оюунбаатар “Татварын ерөнхий газар  татварын шинэчлэлийн арга хэмжээнүүд авч байгаа. Татвар төлөгч, төрийн үйлчилгээг хооронд нь илүү уялдаатай болгон өөрчлөх гэж байна. 2008 оны арав сар, 2009 оны арваннэгдүгээр сард татварын албаны үйл ажиллагааны тухай томоохон судалгаа хийсэн. Татварын нээлттэй биш байдлыг халж, ил тод байлгах чиглэлд алхам хийж байгаа. Татвар төлсөн хүн төлсөн татвар нь юунд зарцуулж байгаа талаар хяналт тавих, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх болно. Татварын албанд байгаа хүнд суртлыг халж, ажилтнуудын үйлчилгээний соёлыг дээшлүүлэхийн тулд анхаарал тавьж сургалтууд зохион байгуулж байгаа. Энэ чиглэлээр Америкийн USAID, Японы JICA байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Татвар төлөхөөр ирж байгаа хүнийг инээмсэглэж угтаж чаддаггүй хүн манай татварын нэг цэгийн төвд ажиллах ёсгүй гэсэн зарчим баримталж байгаа” гэж ярив. Мөн татварын боловсрол нь иргэний нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүүхэд бүр багаасаа татварын тухай мэдлэгтэй болж, эцэг эх нь ямар татвар төлдөг, төлсөн татвараар нь юу хийдэг тухай мэдлэг боловсролыг хүүхэд наснаас нь олгох нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд энэ чиглэлээр БСШУЯ-тай хамтран 4 газар туршилтын сургалт явуулах гэж байгаа талаар мэдээлсэн. Хуулийн төслийг боловсруулахийг тулд татварын алба гадаадын улс орнуудын туршлагыг судалсан бөгөөд тэр дундаас Азийн орнуудын дунд энэ чиглэлээрээ тэргүүлж яваа Өмнөд Солонгосын туршлагаас авах зүйл их байгааг тэмдэглэж байсан.
Бэлнээр, иргэдийн гар дээр, ямар нэг данс тооцоо, тайлан бүртгэлд тусгалгүй далд эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөн хөрөнгийг бүртгэхийн тулд Монгол улсад кассын машины стандарт нэвтрүүлэхийн ач холбогдлын тухай Б.Эрдэнэбаатар дарга ярьсан. Өмнө нь 1999 онд Засгийн газрын тогтоол батлан кассын машины стандарт баримтлах гэж  оролдсон ч манай улс янз бүрийн орноос кассын машин худалдан авдаг тул нэгдсэн стандарт хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан тул төдийлөн үр дүнтэй болж чадаагүй. Хуулийн төслийн хүрээнд бэлэн бус гүйлгээний оператор гэж байгуулах бөгөөд тус оператор нь уг үйл ажиллагааны технологийн талын асуудлыг хариуцан үйлчилгээ худалдаа үзүүлэгчийг татварын албатай холбох үйлчилгээ үзүүлэх юм байна.

Иргэд болон байгууллагууд бэлэн бусаар гүйлгээ хийхийн тулд энэ хуулийн дагуу байгуулах тогтолцооны гишүүнээр бүртгүүлэх ёстой бөгөөд бэлэн бусаар гүйлгээ хийснээр татварын урамшуулалд хамрагдах боломжтой гэж хуулийн төсөлд тусгасан байна. Ямар байгууллага уг тогтолцооны гишүүн болохыг жил бүр Засгийн газрын тогтоолоор тодорхойлно гэж хуулийн төсөлд заасан байна. Хуулийн төслийн дагуу POS, VAN, PC, гар утас гэсэн дөрвөн төрлийн төхөөрөмжөөс гүйлгээ хийх боломжтой. Нэг POS машин суурилуулахад 3,100 орчим ам.долларын зардал гарах бөгөөд энэ зардлыг аль тал нь төлөх вэ, худалдаа үйлчилгээний байгууллагууд өөрсдөө гаргах ёстой юу, эсвэл хуулийн хүрээнд төр даах ёстой юу гэдэг дээр эцсийн шийд гараагүй байна. Худалдааны байгууллагууд өөрсдөө зардлаа даан уг төхөөрөмжийг худалдан авах ёстой гэсэн саналыг банкны төлөөлөгчид дэвшүүлж байсан юм.

Бэлэн бус гүйлгээг хумьснаар төсвийн орлого нэмэгдэх ба хувийн хэвшилд өөрт нь олон давуу тал бий болно гэж С.Туул дарга ярьсан. Одоогийн байдлаар гаалиар орж ирж байгаа бүтээгдэхүүн, барааны татварын орлого харьцангүй өндөр байгаа ч татварын нийт орлогын зөвхөн 0,7 хувийг хувиараа аж ахуй эрхлэгчдийн орлого бүрдүүлж байгаа нь далд эдийн засаг маш их байгааг харуулж байна. Манай дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний эдийн засгийн гүйлгээ албан ёсны бүртгэл тооцоонд оролгүй далд байна гэж үзэж байна.  Татварын албанд нийт хуулийн этгээдийн 90 орчим хувь нь тайлангаа ирүүлж байгаагийн 50 орчим хувь нь чагтан тайлан буюу алдагдалтай ажилласан тайлан ирүүлж байгаа тухай ярьсан.

Хэлэлцүүлгийн үеэр хуулийн хүрээнд байгуулах төлбөр тооцооны гүйлгээний операторын ажил үүрэг, шаардлагатай програм хангамжийг монгол компаниуд гүйцэтгэж чадна гэдгээ хувийн хэвшлийн төлөөлөгчид илэрхийлж байв. Мөн хуулийн дагуу үүсэх гишүүнчлэлийн карт, бусад бэлэн бус төлбөр тооцооны хэрэгсэл нь одоо байгаа банкнуудаас олгосон картаас ямар ялгаатай байх вэ, төлбөр тооцооны оператор нь өөрөө банкны үйлчилгээ үзүүлэх гээд байна уу гэсэн асуумж, тодруулгыг зарим хүмүүс хийж саналаа илэрхийлж байв. Дашрамд дурдахад одоо банкнуудаас олгож байгаа төлбөр тооцооны картуудыг зохицуулсан эрх зүйн зохицуулалт, хууль тогтоомж хангалттай байдаггүй талаар төлөөлөгчид хэлж байсан. Хас банк удахгүй хэрэглэгчийн оруулсан бэлэн мөнгийг уншиж, картанд нь нэмж оруулдаг дебит АТМ машины үйлчилгээ үзүүлэхээр Монгол Банктай хэлэлцэж байгаагаа мэдээлж байсан. Хуулийн хүрээнд бэлэн мөнгөний гүйлгээний тасалбарыг хэрэгжүүлэхээр санал болгож байгаа бөгөөд ингэснээр гудамжнаас такси барьж нэг км явсан ч унааны мөнгө төлсөн баримт авах ба хувь хүн бэлэн мөнгөөр тооцоо хийсэн гэдэг нь татварын албанд бүртгүүлэх боломжтой болох юм байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг ийнхүү өндөрлөсөн. 2009 онд улсын төвлөрсөн төсөвт оруулсан нийт татварын орлого нэг триллион 733 тэрбум 800 сая төгрөг байна.

Т.Ариунсанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж