“British Airways”-д хоёр дахь ажил хаялтаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

“British Airways”-д хоёр дахь ажил хаялтаа хийлээ

“British Airways”-ын хоёрдахь ажил хаялтын улмаас эхний өдөр л гэхэд бараг 100 гаруй нислэгийг цуцаллаа гэж “BBC” агентлаг Лондонгоос мэдээллээ. “British Airways”-ын Үйлдвэрчний эвлэл “Unite” энэ хагас сайн өдрөөс дөрвөн өдрийн ажил хаялт эхлүүлээд байгаа. Харин компанийн удирдлагууд энэ хооронд тасалбар авсан зорчигчдынхоо дөрөвний гурвыг нь нисгэж чадна гэж найдаж байгаа юм.

Интернэтэд тавьсан мэдэгдэлдээ “British Airways”-ын босс Willie Walsh “Бид асуудлыг шийдвэрлэхийн төлөө боломжтой бүхнийг хийж байгаа” гэж бичсэн байна. Эсэргүүцлийн үйл ажиллагаагаа удахгүй болох Улаан өндөгний баярын дараа ч үргэлжлүүлж магадгүй гэдгээ үйлдвэрчний эвлэл мэдэгдсэн.

Цуцлагдсан нислэгүүдийн олонх нь Лондон хотын “Heathrow” буудал дээр болсон байна. Вэб сайтдаа бямба гаригийн үдэш тавьсан видео илгээлтдээ Walsh захирал “Амралтын өдрүүдэд манайд тасалбар захиалсан хүмүүс өмнөхөөсөө олон байсан. Ихэнх зорчигчид төлөвлөгөөнийхөө дагуу хүрэх газраа хүрч байгаа. Харин амралтын өдрийн төлөвлөгөөнд нь саад учирсан зорчигчидоосоо хүлцэл өчиж байна” гэж хэлсэн. Ням гаригийн байдлаар үдээс хойш хүртэлх “British Airways”-ын нислэгүүдийн дөрөвний нэг нь цуцлагдаад байна. Бямба гаригт “British Airways”ын “Heathrow” дахь 270 нислэгийн 93 нь цуцлагдсан байсан.

“Тохиролцох нөхцөл харагдахгүй байна” гэж  “Unite” үйлдвэрчний эвлэл мэдэгдээд байгаа. “British Airways” компани Европ руу хийх нислэгээ гүйцэтгэж чадахгүй болсны улмаас өөр найман нисэх операторт нислэгүүдээ хувааж шилжүүлж өгсөн байна гэж үйлдвэрчний эвлэл мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт “British Airways” компани ажил хаялтад оролцсон ажилтнуудын нислэгийн хөнгөлөлтүүдийг цуцалж байгаагаа зарласан. Тус хөнгөлөлтийг ашиглан ажилтнууд нь болон тэдний гэр бүлийнхэн 10 хүртэл хувийн хөнгөлөлттэйгээр нисэх боломжтой байсан юм. Хөнгөлөлт цуцалсныг “үйлдвэрчний эвлэлийнхнийг хавчих бодлого”  гэж “Unite” мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт гурав хоногийн ажил хаялтын улмаас тус компанид 21 сая ам долларын алдагдал учирсан. Энэ дөрөв хоногийн ажил хаялт үргэлжлэх юм бол “British Airways” компанид нийтдээ 105 сая паундын хохирол учрах болно гэж үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Brian Boyd “BBC” агентлагт өгсөн ярилцлагандаа хэлжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж