“Federal Reserve” эдийн засагт 600 тэрбум ам.доллар оруулна

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

“Federal Reserve” эдийн засагт 600 тэрбум ам.доллар оруулна

АНУ-ын төв банк “Federal Reserve” ирэх оны зургадугаар сар гэхэд сул байгаа эдийн засгаа сэргээхийн тулд 600 тэрбум ам.доллар оруулах шийдвэр гаргалаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд сар бүр 75 тэрбум ам.доллар зах зээлд нэвтрэх юм. Тус улсын эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд хоёр хувиар өссөн ч ажилгүйдлийн төвшинг бууруулахад хангалтгүй байгаа юм. Зарим шинжээчид энэ алхамыг АНУ-ын эдийн засгийг хэвийн хэмжээнд оруулах сүүлийн боломж гэж үзэж байна. Ихэнх шинжээчид Холбооны нөөцийн банкийг эдийн засагтаа 500 тэрбум ам.доллар оруулна гэж тооцоолж байсан тул төв банкны шийдвэрт цочирдсон байна. Үүнээс болж “Dow Jones” хөрөнгийн биржийн индекс 26 оноогоор өсч, 11,215 болсон нь сүүлийн хоёр жил харагдаагүй хэмжээ болов.

Бодлогын хүү хэдийнээ тэгтэй ойрхон байгаа тул зах зээлийн хэрэгцээг өсгөхийн тулд төв банкны зүгээс уламжлалт арга болох төвшинг бууруулах боломжгүй байгаа юм. Иймээс “Federal Reserve” энэ “QE” арга хэмжээг авч байна. Өмнөх “QE”-гээр төв банк 1,75 триллион ам.долларыг эдийн засагт оруулж байжээ.

“Эдийн засгийн сэргэлт, ажилгүйдлийн төвшин муу хэвээр байна. Хэдийгээр худалдан авагчдын зарцуулалт нэмэгдэж байгаа ч ажилгүйдлийн өндөр төвшин, бага орлого болон орон сууцны салбар дахь хүндрэлүүд эдийн засагт муугаар нөлөөлж байна” гэж “Federal Reserve” мэдэгдэж байгаа юм.

Өмнөх “QE” хөтөлбөр эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ гэдэг дээр эдийн засагчид маргадаг. Зарим шинжээчид эдийн засагт их хэмжээний мөнгө цутгаснаар АНУ-ын эдийн засаг хямралаас гарсан гэж байгаа бол зарим нь хэрэглэгчдийн хэрэглээ, кредитийн хатуу бодлогоос болж иргэд, бизнесийн салбарынхан банкнаас зээл авахад хүндрэлтэй болсон гэдэг. Тиймээс энэ удаагийн “QE”-гийн нөлөө хэр үр өгөөжтэй байх нь маргаантай байна. 

АНУ-ын эдийн засгийн өсөлт сүүлийн гурван улиралд бүгдэнд нь өмнөх оныхоос бага гарчээ. Түүнчлэн ажилгүйдлийн төвшин 9,6 хувь байгаа нь гол асуудал болоод байна. Есдшгээр сард л гэхэд ажилгүйчүүдийн тоо 95 мянгаар нэмэгдсэн нь өмнөх сарынхаас бараг хоёр дахин илүү юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж