Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

АНУ-ын дундаж гэр бүл

АНУ-ын нийгмийн дунд давхаргад хамаарагдах ердийн нэг гэр бүл ямар амьдралтай вэ, санхүүгийн хувьд ямар байдалтай байна вэ гэдэг талаар US News агентлаг дараах ажиглалт хийсэн байна.

Орлого.
Нийгмийн жинлүүрийн голд нь байгаа 50 хувийн өрхийн хоёр хүүхэдтэй дундаж гэр бүлийн орлого нь жилд 51,000 ам.доллараас 123,000 ам.доллар байна. Дундаж орлого 81,000 ам.доллар байна. Энэ бол 2008 оны статистик бөгөөд одоо үүнээс 5-7 хувиар унасан. Ганц тэжээгчтэй, 2 хүүхэдтэй өрхийн хувьд дундаж орлого 25,000 ам.доллар байна.

Хаусын зардал
Хоёр тэжээгчтэй өрхийн хаусын дундаж үнэ 231,000 ам.доллар байгаа ба жилд хаусны зээлдээ 17,600 ам.доллар өгч байна. Хаусны ханш 1990 оноос хойш өссөөр байгаа юм.

Гэрийн хэмжээ
Хаусны ханш хөөрөгдөж өссөн хэдий ч дундаж гэр бүл өмнөхөөс илүү том хауст амьдарч байна. Дундаж хэмжээтэй, ганц өрхийн хаусны талбайн хэмжээ 2007 он гэхэд 1979 оныхоос хоёр дахин нэмэгдсэн бөгөөд ойролцоогоор 2,300 фийт квадрат талбайтай байсан. Гэхдээ одоо хямралтай холбоотойгоор энэ хэмжээ буурсан байж болзошгүй.

Эрүүл мэндийн зардал

Эрүүл мэндийн зардал байшингийн дээврээр гарч хөөртлөө өссөн гэж сонссон байх. Хоёр тэжээгчтэй, эрүүл мэндийн даатгал нь ажлаас нь төлөгддөг дундаж гэр бүлийн эрүүл мэнддээ зарцуулж байгаа зардал жилд дунджаар 5,100 ам доллар байна. Эрүүл мэндийн зардал 1990 оноос хойш өссөөр байна.

Автомашин

Дундаж гэр бүл жилд 12,400 ам долларыг дунд зэргийн хэмжээтэй хөнгөн тэрэг буюу 45,000 ам.долларын үнэтэй машинд зарцуулж байна. Хямралаас болоод америкчуудын машины хэрэглээ багассан бөгөөд одоо өмнөхөөс 40 хувиар бага машин зарагдаж байгаа юм.

Коллежийн хадгаламж

Дундаж гэр бүл хоёр хүүхдийнхээ сургалтын зардалд зориулж, мужийн сургуулийн төлбөрийн 75 хувийг нь өөрсдөө хийхээр жилд 4,100 ам.доллар хадгалж байна. Оюутнуудад мужийн санхүүгийн тэтгэлэг туслах болно. Гэхдээ мужийн төсөв бага байгаа үед коллежуудын төлбөр талийж өгч магадгүй.

Амралт
Жилдээ долоо хоног аль нэг далайн эрэг, эсвэл өөр тийшээ явах нь стандарт бөгөөд дөрвөн хүний амралтын зардал 3,000 орчим ам.доллар болж байна. Илүү хэрэглээ өндөртэй гэр бүлүүд 6,100 ам.доллар зарцуулж байна.

Тэтгэврийн хадгаламж

Дундаж орлоготой гэр бүл жилд орлогынхоо 3,2 хувийг нөөцөлдөг бөгөөд тэр нь жилдээ 2,600 ам.доллар болж байна. Мэдээж олон гэр бүл ингэж хадгалж чадахгүй байгаа бөгөөд хувьцааны багцуудын ханш унаж байгаа нь үүнд нөлөөлж байгаа.

Өдөр тутмын зардал

Хувцас, хүнс, цахилгаан, эрчим хүч болон бусад амьжиргааны зардалд дундаж орлоготой гэр бүл жилд 14,200 ам.доллар зарцуулж байна. Үүнийг олон гэр бүл багасгах гэж оролдож, хямд бренд хэрэглэх буюу танаж, хасаж болох хэрэглээгээ танаж байна.

Өрхийн тэжээгчийн тоо

Дундаж давхаргын нийт өрхүүдийн 76 хувь нь хоёр тэжээгчтэй байна. Өрхийн хоёр тэжээгч хоёулаа орлого олох тусам өрхийн орлого нэмэгдэж байна.

Ажилласан цаг
Эцэг эхчүүд өмнөхөөсөө илүү олон цаг ажиллаж байна гэвэл гайхах хүн цөөн. Хоёр тэжээгчтэй өрхийн жилд ажилласан нийт цаг нь 3,747 болсон нь 1990 оныхоос таван хувиар нэмэгдсэн тоо юм. Энэ нь жилд 4 удаа долоо хоногт 40-өөс илүү олон цаг ажиллаж байгааг харуулж байна.

Боловсрол
Дундаж өрхийн тэргүүн дунд боловсрол эзэмшсэн ба хоёр жилийн коллежийн боловсролтой байгаа нь 1990 оныхоос нэг жилээр илүү боловсрол эзэмшсэн үзүүлэлт юм. Энэ нь сайн зүйл бөгөөд сайн боловсрол нь насан туршдаа орлого сайтай байх нэг хүчин зүйл болдог.

Чөлөөт цаг
2008 онд Pew Research Center төвийн хийсэн “Хамгийн чухал зүйл чинь юу вэ?” гэсэн асуултад судалгаанд хамрагдсан хүмүүсийн 68 хувь нь эрүүл чийрэг хүүхэд, бат бэх гэр бүл эсвэл карьер биш харин чөлөөт цаг гэж хариулсан байна. /Зөвхөн 12 хувь нь л чинээлэг байдал гэж хариулсан байна./

Өрхийн цэвэр хадгаламж
Дундаж өрх ойролцоогоор 84,000 ам долларын хадгаламжтай байна гэж Холбооны нөөцөөс мэдээлсэн. Энэ нь хөрөнгө оруулалт, хувьцааны хямралтай холбоотойгоор 2007 оныхоос 30 хувиар буурсан үзүүлэлт юм.

Өр
Дундаж өрх олсон орлогынхоо 18 орчим хувь нь өрхийн зээлийн хэрэглээ, кредит карт, хаусны төлбөр төлөхөд зарцуулж байна. Энэ нь 1970-80-аад оны үеийнхээс арай өндөр үзүүлэлт юм. Гэхдээ өрийн төлбөр 2008 онд дээд цэгтээ тулах үеэр өрхүүд орлогынхоо 18,9 хувийг өр дарахад зарцуулж байснаас хойш өрийн хэмжээ арай буурч байгаа юм.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж