Оросууд энэ баярыг Октябрийн баярынхаа оронд Москвагаас Польшийн цэргийг хөөн гаргасан 1612 оны дурсгал болгон бий болгожээ. Орчин үеийн Хөдөлмөрийн хуулиар тогтоогдсон уг баяр нь Казанийн эх дагинын шүтээний өдөртэй давхацдаг. Польшийн гарнизоны дарга Кремльд бууж өгөх баримт бичигт гарын үсгээ 1612 оны арваннэгдүгээр сарын 5-нд зураад гарнизон нь 6-нд бууж өгсөн байлаа. Харин арваннэгдүгээр сарын 7-ны өдрийг оросууд Улаан талбайд Октябрийн 24 жилийн ойгоор 1941 онд болсон цэргийн парадын дурсгалд Оросын цэргийн алдрын өдөр гэж тэмдэглэх болсон байна.
Арваннэгдүгээр сарын 4-нд Итали даяар эх орныхоо төлөө амь үрэгдэгсдийг дурсан цэргийн булш бунханд цэцэг өгөх үндэсний эв нэгдлийн өдрийг тэмдэглэдэг. Анх 1922 онд бий болгосон энэ баярыг Дэлхийн I дайнд ялсны ойн (Anniversario della vittoria della Prima guerra mondiale) баяр болгосон байснаа дараа нь Зэвсэгт хүчний баяр (Festa delle Forze armate) гэж 1977 он хүртэл тэмдэглэж ирсэн байв.
1879 он: Худалдагч бүгд өөрсдийн орлогыг яг тооцоолоход амаргүй. Эхэндээ тийм байсан учир тооцоо тулгарахгүйгээс гадна хулгайлах явдал ч худалдаанд газар авсан байлаа. Огайо мужийн Дейтон хотын жижиг кафены эзэн Жеймс Ритти яг тийм байдалд орсон байв. Хүмүүс их ирэх атал кафе нь орлого авчрахгүй байлаа. Ингээд Ритти нэгэн удаа Европт амрахаар явжээ. Тэрээр хөлөг онгоцны тавцангаар зугаалж яваад машины танхимд нь орсон байв. Тэр машины бул эргэх бүрийг тоолдог төхөөрөмжийг анхаараад тийм бичил төхөөрөмжийг зоогийн газартаа хийж тавих санаа түүнд төрсөн гэдэг.
Гэртээ эргэж ирээд тэрээр ахынхаа хамт тийм аппарат бүтээн патентлуулсан байна. Эхний загварт нь худалдааны үйлдлийг дискт бичдэг байснаа сүүлд нь кассын ажилтан ба худалдан авагчид худалдаагаа хянах индикатор гарч ирсэн байв. Түүний кафе орлоготой болсноос гадна уг аппарат сонирхогчдыг ихээр цуглуулах болсон ба хожим тэр аппаратыг “Худалдагддаггүй кассчин Ритти” гэж нэрлэсэн байлаа.
1890 он: Лондон метроны эх орон бөгөөд хамгийн анхны газар доорхи төмөр зам 1863 онд тавигдсан юм. Анхны галт тэрэг нь 23 вагонтой, тэр нь дээгүүрээ задгай байв. Өнөөгөөс 120 жилийн өмнө өнгөц ухсан хонгилын оронд гүнзгий хонгилын төмөр зам гарч ирэн түүнийг цахилгаанжуулсан байв. Лондонд нээгдсэн анхны цахилгаанжуулсан шугамыг «Metropolitan Railway» компани барьсан ба эндээс «метрополитен» гэсэн үг үүсчээ.
1922 он: Тутанхамон фараон нь МЭӨ 1347-1337 он Египетийг захирч байсан хаан юм. Түүний бунхан бараг тоногдоогүй үлдсэн байсан нь хааныг эртний Египетийн иргэншлийн бэлгэдэл болгосон юм. Хаадын хөндийгөөс Тутанхамоны бунхныг анх 1922 онд Египет судлаач Английн Говард Картер ба археологи сонирхогч лорд Карнарвон хоёр олсон байна. Бунхнаас хааны занданшуулсан шарил мөн олон тооны гоёл чимэг ба алтан авс зэрэг нь олджээ.