Өөрсдийн хүчээр тохижуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Өөрсдийн хүчээр тохижуулж байна

Өвөрхангай аймаг үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтан аймгийн ИТХ-аас 2010 оныг “Орчноо тохижуулах жил” болгон зарласан билээ. Мөн 80 бүтээлч ажлын жагсаалтанд  “аймаг, сумын төв, байгууллага, аж аухйн нэгж, айл өрх бүрийн гадаад өнгө үзэмжийг сайжруулж, өндөр бүтээлийн аян зохион байгуулна” хэмээн заасан.  Энэ хүрээнд албан газрууд байгууллагынхаа өнгө үзэмжийг сайжруулах, орчин тойрноо засварлах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд эхний удаа аймгийн Онцгой байдлын хэлтсээс гүйцэтгэж буй ажлыг нь сонирхлоо. Хуучнаар Гал команд буюу Онцгой байдлын хэлтсийн барилгад 20 гаруй жил их засвар хийгээгүй байсан бөгөөд энэ зун өөрсдийн хүч, бололцоог дайчлан ажлын байрандаа гадна болон дотор засварыг хийж, галын дөрвөн машины гаражаа өргөтгөн, гаднаа явган гэрэлтүүлгүүд суулгасан байна. Мөн хуучин 36 айлын орон сууцнаас ажлын байраа хүртэлх цэвэр, дулааны шугамыг бүрэн сольж шинэчилжээ. Одоогоор байгууллагынхаа гадна чөлөөт цагаа өнгөрүүлэх тохижолт бүхий усан оргилуурыг барихаар ажлаа эхэлсэн байна. Усан оргилуур нь нийтийн жишиг үзэмжээр бус Өвөрхангай аймгийн үзэсгэлэнт байгалийг тусгаж,  Орхоны хүрхрээг хиймэл маягаар буулгасан өвөрмөц зураглалаар хийх аж. Үүнийг байгалийн чулуугаар чимэх юм.  “Манай залуус ажлын стресс ихтэй хүнд нөхцөлд ажилладаг учраас чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч, хиймэл хүрхрээ бүхий усан оргилуур байгуулан, гэрэлтүүлэг, сандал суурилуулж, ая тухтай орчинг бүрдүүлнэ” хэмээн хэлтсийн дарга, Дээд ахмад Т.Энхбаатар өгүүллээ. Энэ ажлыг ирэх оны хавар бүрэн ашиглалтанд оруулах гэнэ.

Үүний зэрэгцээ тус байгууллага монгол бичгээр гэрлэн хаяг хийж байгаа нь анхных бөгөөд үндэсний өв соёлоо илэрхийлсэн шинэлэг ажил болох нь ээ. Өөрийн байгууллагын орчноо ийн тохижуулахын хамт Хас банкны өмнө орших эвтэй дөрвөн амьтанг сэргээн засварлаж нийгэмд хувь нэмрээ оруулж байгаа ба дээрх бүх ажлын зардлыг улсын болон орон нутгийн төсөв хөрөнгөөр бус аж ахуйн аргаар олсон мөнгөөрөө  бүтээж байгаа юм. Тухайлбал тус хэлтсийн ажилчин, албан хаагчид аймгийн ЗДТГазарт буудай савалж өгөх, Богд сумын Өвтийн давааны замыг засч сэргээх ажлуудыг хийж бүтээн байгуулалтын зардлаа олжээ. “Манай залуус уулыг нураах, усыг эргүүлэх чадалтай хүмүүс юм шүү” хэмээн хэлтсийн дарга нь аврагч, гал сөнөөгчид, ахлагч, офицер, ажилчдаа магтаж байлаа.

Дашрамд дуулгахад тус хэлтсийнхэн Өвөрхангай аймгийн  Есөн хөлт цагаан тугийг болон Цагаан хаалганы амрах тавцан зэргийг  бүтээж, байгуулж байжээ.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж