Н.Мэндбаяр: Бизнест үр дүн чухал

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Н.Мэндбаяр: Бизнест үр дүн чухал

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан, МҮХАҮТ-ын “Даймонд” гишүүн “Тулга-Импорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяртай “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн  явц хйигээд бизнесийн орчны өнөөгийн байдлын талаар ярилцлаа. Н.Мэндбаяр уг нь эмч хүн. 1978 онд Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар дунд сургуулийг онц дүнтэй, 1984 онд Анагаах Ухааны Дээд сургуулийг улаан дипломтой төгсөж, Хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн сэхээний тасгийн эмч, тасгийн эрхлэгчээр 20 гаруй жил, нийслэлийн Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн зөвлөх эмчээр ажиллаж байсан. Клиникийн профессор, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч хүн хэрхэн бизнест орсон хийгээд амжилтад хүрэхэд юу нөлөөлсөн талаар бас сонирхсон юм.

-Энэ оныг Засгийн газраас “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ээр зарласан. Энэ жилд бизнес хийх орчин сайжирч, та бүхний ажилд дэм болж байгаа зүйл байна уу?

-Манай улс зах зээлийн харилцаанд шилжээд 20-иод жил болж байна. Ерөнхийдөө зах зээл маань төлөвшөөд хэвшчихлээ. Өрсөлдөөн бий болж тогтож байна. Ерөнхийдөө гааль, татвар, стандарт, хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа жигдэрч сайжирсан гэж дүгнэж болно. 2010 оныг Засгийн газраас “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгосонд бизнес эрхлэгч бид баяртай байгаа. Зөвхөн бизнесийн орчинг дэмжих ч биш бизнесийн орчин ил тод, хүнд сурталгүй, шуурхай болсноор бизнес эрхлэгч төдийгүй бизнес эрхлэгчдийн үйлчилгээг авч байдаг хэрэглэгчдийн эрх ашигт нийцүүлсэн том арга хэмжээ гэж ойлгож байгаа. Бид нар бизнесийн үйл ажиллагааг явуулахдаа төрийн олон байгууллагуудтай нүүр тулж ажилладаг. Гааль, татвар, тээвэр, төмөр зам, стандарт хэмжил зүйн үндэсний төв, Улсын мэргэжлийн хяналтын газар гэх зэрэг олон байгууллагуудтай өдөр тутам харилцаж байдаг юм. Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн ажлын хүрээнд дээрхи байгууллагуудын хэрэгжүүлж байгаа ажлуудад бид сайшаалтай ханддаг. Гаалийн байгууллага л гэхэд  нэг цэгийн үйлчилгээг боловсронгуй болгосноор үйлчилгээ нь улам хялбар шуурхай болсон. Төрийн болон бусад байгууллагуудын үйл ажиллагаанд ч ахиц гарч байгаа.

-Манай  улс Гадаад худалдааны хуульгүй явж ирсэн. Одоо Гадаад худалдааны хуулийг зохицуулах хуулийг Засгийн газар боловсруулаад УИХ-д өргөн барих гэж байна. Та гадаад худалдаа эрхэлдэг хүний хувьд энэ хуулийн талаар юу хэлэх вэ?

-Ер нь аливаа зүйл хуулиар зохицуулагдах нь туйлын зөв. Гэхдээ манай улсын хувьд амьдрал дээр хэрэгждэггүй олон хууль байдаг шүү дээ. Одоо гадаад худалдааны үйл ажиллагаа  нь  татвар, гаалийн хууль, мэргэжлийн хяналт, стандартын горимоор зохицуулагдаад явж байгаа. Одоо гарах шинэ хууль маань дээрх хууль дүрмүүдтэйгээ уялдсан, амьдралд хэрэгжихээр сайн хууль гараасай гэж бодож байна.

-Та төр, засгийн зүгээс бизнес эрхлэгчдийн тухайд хэрэгжүүлж байгаа өнөөгийн бодлогыг юу гэж боддог вэ?

-Өнөөдөр манай улс эрдэс баялгаа эдийн засгийн  эргэлтэнд оруулах туйлын хариуцлагатай шинэ үеийг эхлүүлж байна. Эрдэс баялгаа ямар хэлбэрээр яаж ашиглах, дэд бүтцийн асуудлыг яаж шийдвэрлэх, байгаль орчинд хор нөлөө багатай ямар технологийг нэвтрүүлэх, уг баялгаас орж ирэх мөнгийг хэрхэн яаж зөв зарцуулах зэрэг томоохон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гэж байна. Өнөөдөр манай улсын хувьд ажилгүйдэл, ядуурал өндөр түвшинд байна. Төр, засгаас ядуурлыг арилгах,  ажлын байрыг олноор нэмэгдүүлэх бодлогыг хүчтэй хэрэгжүүлэх хэрэгтэй юм шиг бодогддог. Халамжийг хавтгайруулах биш яг халамж шаардлагатай байгаа ажиллах чадваргүй, хүүхэд, өндөр настан гэх зэрэг хүмүүст ахиухан хэмжээгээр хүртээмжтэй хүргэх  нь илүү зохимжтой санагддаг.

-Олон жил эмч хийсэн хүн гэнэт бизнесийн орчинд орж ирэхэд төр хувийн хэвшлийн байгууллагын хооронд ямар ялгаа харагдаж байна вэ?

-Би олон жил хүүхдийн эмчээр ажилласан. Эмчийн ажилдаа дуртай. Хүний амь, амьдралын төлөө цаг хоромтой өрсөлдөн тэмцэж байдаг хүнд хэцүү ч гэсэн буянтай сайхан ажил. Тэгэхдээ одоо ч би эмчийнхээ ажлыг хийсээр байгаа гэж болно. Найз нөхөд, хамаатан садны  үр, ач нар болон бусад хүүхдүүдийг үзэж, эмчилж, эмнэлгийн зөвлөлгөөг өгсөөр л байдаг юм. Төсвийн болон хувийн байгууллагын ажлын хооронд ялгаа бас байнаа. Төсвийн байгууллагад  хүүхэд эмчилж эдгээхийн хажуугаар маш олон төрлийн тайлан мэдээ шаардаж, үндсэн ажлаа хийх боломжийг их багасгадаг, үндсэн ажлаа хийхээр бичиг цаас нь хоцорчих гээд,  мэдээж бичиг цаасаа хөөцөлдөхөөр өвчтөндөө зарцуулах цаг багасна. Нэг ёсондоо төсөвт байгууллагын ажилтнуудын ажлыг хэр сайн тайлан гаргадгаар нь дүгнэдэг гэвэл хилсдэхгүй. Гэтэл хувийн хэвшилд бол  эцсийн үр дүн хамгийн чухал байдаг. Энд л гол ялгаа нь харагддаг.

-Ингэхэд та яагаад эмчийнхээ халаадыг тайлж компани байгуулдах болсон бэ. Танай компани аль салбарт үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Үндсэн ажлаа орхиход амаргүй байсан хэдий ч хувийн секторт хөл тавьснаараа би алдаагүй гэж боддог. Манай компани байгуулагдаад 12 жил болж байгаа бөгөөд Оросын холбооны улс, Украйн, Бразил, Турк, Сингапур зэрэг улсуудаас хүнсний бүтээгдэхүүн импортлож оруулж ирдэг. Бид 20 гаруй үндсэн ажиллагсадтай, 300-гаад гэрээт борлуулагчтай. Манай ажлын цар хүрээ жилээс жилд өргөжин, хүн ардынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн дэлхийн өндөр чанартай брэнд бараа бүтээгдэхүүнийг өөрийн зах зээлд нийлүүлж байгаагаараа  бид бахархаж байдаг юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд бидний оруулж байгаа хувь нэмрийг төр, засгаас өндрөөр үнэлж удаа дараа дүүргийн Тэргүүний татвар төлөгч, Нийслэлийн найдвартай татвар төлөгч, ТОП 100-д өрсөлдөхүйц 50 аж ахуй нэгж зэргээр шалгаруулж байснаас энэ жил ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан.

-Компанийн захирлаас гадна гэрийн эзэгтэйн үүрэг эмэгтэй хүн бүрт байдаг. Гэр бүлийнхэндээ зарцуулах цаг зав хэр гардаг вэ?

-Манайх гурван хүүхэдтэй. Нөхөр маань манай компанийн ерөнхий захирал. Том хүү АНУ-д эдийн засагч, маркетингийн мэргэжлээр төгсөж ирээд, мэргэжлийнхээ дагуу  компанидаа ажиллаж байгаа. Дунд хүү Хятадад хэлний чиглэлээр төгссөн. Бага хүү маань одоо Англид эдийн засагчийн мэргэжлээр сурч байна. Хүүхдүүд маань сурах цагтаа л сурах ёстой гэж би боддог.  Тиймээс ч гэрийнхээ ажлыг өөрөө л амжуулахыг хичээдэг. Би өөрөө эхээс наймуулаа. Манай аав Улсын төлөвлөгөөний комисс болон Арбитрын газарт олон жил ажилласан хүн. Ээж маань сүлжмэлийн үйлдвэрт олон жил оёдолчноор ажилласан. Миний ээж маш хөдөлмөрч хүн байсан. Тухайн үедээ 13 жилийн ажлыг нэг жилд багтаан хийж, төр, засгийн одон медалиар шагнуулж, Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар”-т хүртэл тодорхойлогдож байсан юм. Ээжийн маань хөдөлмөрч, аавын маань ажил хэрэгч чанар миний амьдралд хэвшсэн болохоор үндсэн үүргээ ар гэрийнхээ ажилтай хамтатгаад амжуулж л явна даа.

Ярилцсан Б. БОЛД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж