АН тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

АН тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

Ардчилсан нам 2010 оныг “Анхан шатаа сонсох жил” болгон зарласантай тул анхан шатны намын байгууллагуудын гишүүдийн боловсролыг дээшлүүлэх тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Удирдлагын академийн “Төрийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын сургалтанд гишүүдээ сургахаар болсон. Энэ дагуу 21 аймгийн 330 сумаас эхний арван аймгийн 100 хүн сонгогдсоноос өчигдөр эхний 35 хүний батламжийг гардуулж өглөө.
Энэхүү ажиллагаанд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, П.Алтангэрэл, Я.Батсуурь, Д.Батбаяр нар оролцож суралцагчдад амжилт хүсэн батламж гардуулж,  дурсгалын зураг татууллаа. Амжилт хүсэж захиа даалгавраа өгсөн намын удирдлагууд суралцагчдад сургалтын дүн, ёс зүйн асуудлыг ч бас нэлээд чухалчлан тавихыг сануулж байсан юм. Удирдлагын академид суралцагчдын хувьд сургалтын төлбөр нэг сая төгрөг бөгөөд үүний 50 хувийг Ардчилсан намаас гаргаж байгаа юм. Учир нь суралцагчдад Ардчилсан намын залуу халаа гэдэг утгаараа намаас ач холбогдол өгч байгаа хэмээн хэлж байлаа.

Ардчилсан намаас зохион байгуулж буй сургалтын хөтөлбөр 2012 оны нэгдүгээр  сарын 1-н  хүртэл явуулж зургаан шатлалтай ангид 300 гаруй суралцагчийг хамруулахаар төлөвлөсөн байна.

 Эхний ээлжийн сургалтад тэнцсэн 35 суралцагч нь Архангай, Баян-Өлгий, Булган, Завхан, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон зэрэг аймгуудаас ирсэн бөгөөд энэ сарын 1-нээс хичээлдээ ороод байгаа юм. Тэдэнд гуравдах өдөр бүрийн үдээс хойш УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ээлжлэн уулзалт ярилцлага хийн, улстөрийн сэдвээр лекц унших юм байна.
Хоёрдугаар ээлжинд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Говьсүмбэр аймгийн сумын намын гишүүд хамрагдах бөгөөд хичээл нь ирэх оны нэгдүгээр сард эхэлнэ.

Удирдлагын академитай хамтран зохион байгуулж буй “Төрийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын сургалт”-нд анхны 35 суралцагчын нэг болж шалгарсан дээрх аймгийн гишүүд сэтгэгдэл өндөр байгаагаа энэ дашрамд илэрхийлж намын гишүүдийнхээ итгэлийг дааж амжилттай сурна гэдгээ амлалаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж