
“Ноцтой алдаа” гаргасан гэх шалтгаанаар Францын хөлбөмбөгийн холбооноос есдүгээр сард Доменекийг ажлаас нь чөлөөлсөн юм. Францын хуулийн дагуу ийм нөхцөл байдлаар ажлаасаа халагдсан хүн гэнэт ажлаас халагдсаны нөхөн төлбөр авах эрхгүй боловч ажил олгогчоос урьтаж, шүүхэд хандах эрх нь нээлттэй байдаг аж.
Тиймээс ч Доменекийн өмгөөлөгч Жон-Ив Коннессон “Бид хоёр шалтгаанаар 2,9 сая еврог нэхэмжилж байгаа. Эхнийх нь, гэнэт ажлаас халагдсаны нөхөн төлбөр болох 400 мянган евро, харин нөгөөдөх нь, мэргэжлийн болоод ёс суртахууны үүднээс гурван жилийн цалинтай тэнцэхүйц хэмжээний мөнгө юм. Багийн дотоод байдал, нийтэч чанарыг бий болгохын тулд хэн нэг хүнийг ажлаас нь халснаар асуудал шийдэгдэхгүй. Үүнээс өөр байдлаар асуудлыг шийдэж болох л асуудал. Ноён Доменекийг ажлаас халах шалтгаан байгаагүй” гэжээ.
Францын шигшээ баг дэлхийн аваргын хэсгийн шатнаас нутаг буцсан бөгөөд энэ үеэр тоглогчид эсэргүүцэл гаргаж, багийн бэлтгэлийг тасалдуулсан билээ. Харин Доменекийн ажлаасаа халагдсан гол шалтгаан нь энэ болж байгаа юм. Түүний өмгөөлөгч шүүхийн танхимд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Тэрбээр “Доменек бол Францын шигшээ багийг олон улсын төвшинд гурван том тэмцээнд дараалан шалгаруулсан цорын ганц дасгалжуулагч. Харин түүнийг ажлаас чөлөөлсөн нь үнэхээр ноцтой алдаа. Энэ бол байж боломгүй шалтгаан, үүнийг шүүхийн өмнө батлах болно” гэжээ.
С.Цэлмэг