
Их танхимын тайзны өмнө тусгайлан засч, улаан, цэнхэр, цагаан туузаар чимэглэсэн өндөр индрээс МАХН-ын дарга үгээ хэлж байгаа юм. Намын дарга үндсэн илтгэлдээ ардчилал өрнүүлсэн өмнөх 20 жилийн алдаа оноо, ирэх 20 жилийн төлвийг тусгажээ. “Шинэчлэл, манлайлал, хөгжил” сэдвээр хийж байгаа их хурлын үндсэн илтгэлд МАХН-ын дарга С.Батболд өнгөрсөн 20 жилд олсон ололт байгаа ч аж үйлдвэрлэл буурсан, гэмт хэрэг өссөн, авлига хээл хахууль дэлгэрсэн, олон хүүхэд сургуулиас завсардаж “гудамжны” гэх хүүхэд, хүмүүсийн давхрага үүссэн зэрэг том алдаанууд гарсныг хэллээ.
Мөн ирэх 20 жилд их бүтээн байгуулалт өрнүүлж, хүний хөгжлийн индекс, нэг хүнд ногдох ДНБ-нийг дэлхийн жишгээр тогтоож, Монголын 2,7 сая хүн ам дэлхийн зургаан тэрбум хүний хаахна явааг бодитоор тогтоох болно гэлээ. Одоо манай улс энэ үзүүлэлтүүдээр 114 дүгээр байрт яваа аж. Харин 2015 онд 65, 2021 онд 50 дугаар байрт оруулахын төлөө ажиллана гэв.
Мөн “Ядуурал ажилгүйдэл-ажилгүйдэл ядуурал” гэсэн мухар тойргоос улс орноо аврахын төлөө МАХН хариуцлагатай ажиллах ёстой гэлээ. Уул уурхай хөгжүүлэх, газрын тосыг дотооддоо боловсруулах гээд их ажил хийх ёстойг илтгэлд дурдлаа. Илтгэл үргэлжилж байна.
Д.ОЮУН