
Гэрэл зургуудад Путин барьсан загастайгаа, винтов мөрлөж, чичлүүр хутга зүүснээр гарчээ. Ерөнхий сайд морьтойгоор уулын голыг туулж, мориныхоо толгойд хацраа үрснээр зураг дээр гарчээ.
«Мальборо-мэн»
Гадаадын сэтгүүлчид бичихдээ Путин сонгогчдынхоо өмнө “ажил хэрэгч хүн”, “байгалийг эзэмдэгч”, “мачо” ба “орчин цагийн мальборо-мэн” гэдэг дүр үзүүлэхээр шийдсэн байна гэв. «Далдлах хувцас ба хар шилтэй Путин гадуур хувцасны мэргэжлийн загвар өмсөгч шиг л зургаа татуулжээ. Харин дархан газарт яагаад түүнд винтов хэрэгтэй болсон юм бол?” гэж Guardian бичив.
Лидерийн дүр
Зэрлэг байгальд эр зоригтны дүрээр гарсан ерөнхий сайдын зургууд нь Дмитрий Медведев биш Путин л улс орон, ард түмэн ба хүрээлэн буй орчны талаар анхаарал халамжийг үзүүлэх хүн гэсэн дохиог оросуудад өгч байна гэж Daily Mail үзэв. Үүнийг бичихдээ энэ хэвлэл Оросын одоогийн ерөнхийлөгчийг Путины “бага хамтран захирагч” гэсэн байв.
Ерөнхийлөгчийн найман жил, ерөнхий сайдын хоёр жилд оросуудын дуртай хатуу гартай лидерийн дүрийг босгохдоо Путин хэвлэл, телевизийг сайн ашиглаж сурчээ гэж Daily Telegraph тэмдэглэв. Түүний энэ чадвар сүүлийн үед ойн түймэртэй тэмцэх, гамшгийн голомтоор яван орон гэргүй болсон хүмүүстэй уулзах үеэр бүрэн хэмжээгээр илэрхийлэгдэв. Тувад авахуулсан сүүлийн гэрэл зургууд нь ерөнхий сайд бол 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн гол нэр дэвшигч гэдгийг орос хүмүүст сануулж байна гэж барууны ажиглагчид дүгнэв.
Путин олон нийтийн нааштай сэтгэгдлийг татах зөв үеэ сонголоо гэж гадаадын хэвлэл бичжээ. Тэрээр зэрлэг байгаль, ховор амьтдыг хамгаалагч уламжлалтан болон зураглаж байна. Өмнө нь тэрээр амьтдыг хамгаалах сонирхлоо үзүүлж байв. Тувад авахуулсан энэ зургууд түүний нэр хүндийг өсгөх ёстой гэж ажиглагчид хэлж байна.
Түймрийг дарсан баатар
Владимир Путины гэрэл зургаар “Оросыг аврагч” ба “мачо” (Эр хүн) дүрийг бүтээж байна гэж барууны хэвлэл бишгүй л бичдэг. Энэ зун гадаадын ажиглагчид Оросын хэвлэл мэдээлэл ерөнхий сайдыг гал түймэртэй тэмцсэн супер баатар болгож, ерөнхийлөгчийг Кремльд суугаад тайлан хүлээн авсан жижигхэн клерк болголоо гэж тэмдэглэж байв.
«Бид түүнийг цээжээ нүцэглэн морь унаад Сибирийн хүйтэн голд хэрчигдсэн уулын наана, хар нүдний шилтэйгээр Harley-Davidson мотоцикл дээр харж байлаа. Харин одоо Оросын ерөнхий сайд онгоц жолоодоод гал түймэртэй тэмцэж явна. КГБ-гийн туршуул асан тэрээр дахиад л мачогийн дүрээр гарч ирэв” хэмээн Британийн сонин бичсэн байлаа. Тэр үеэр Путины имижийг Оросын хэвлэл мэдээлэл бүтээж байгаагийн цаана ерөнхий сайдын ерөнхийлөгчийн амбици байна гэсэн дүгнэлтийг барууныхан хийж байв.
Marlboro Man
«Мальбро мэн» (Marlboro Man) хэдэн арван жилийн турш Marlboro тамхины рекламд ашиглагдсан дүр юм. Анх тэр постер 1954 онд гарч иржээ. Реклам бүтээгчдийнхээр тамхи зуусан эрэлхэг ковбойн дүр тэр цагт гарч ирсэн шүүлтүүртэй тамхи эмэгтэйчүүдийнх гэсэн сэтгэгдлийг алга болгох зорилготой байжээ. «Мальбро мэны» сурталчилгаа АНУ-д бараг 45 жил хийгдсэн ба сурталчилгааны зураг авахуулсан гурван модель хорт хавдраар энэ хугацаанд өнгөрч, тамхийг өөрийг нь “ковбой нарын алуурчин” гэж нэрлэх болжээ.