EA Facebook-тэй таван жилийн гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

EA Facebook-тэй таван жилийн гэрээ байгуулав

Спорт тоглоом хөгжүүлэгч Electronic Arts Interactive студи олон нийтийн харилцааны Facebook вэбсайт дээр байрласан тоглоомынхоо төлбөрийг авахын тулд тус сайтад хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц төлбөрийн хэрэгсэл болох Facebook Credits-ийг ашиглахаар таван жилийн гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу Facebook Credits-ээр дамжиж орж ирсэн төлбөрийн 70 хувийг EA, харин 30 хувийг Facebook авах гэнэ. Харин Facebook-ийн хэрэглэгчдийн тухайд тоглоом тоглох болон тоглоомдоо зориулж виртуаль хэлбэрийн шинэ бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахын тулд төлбөр төлдөг билээ.

Electronic Arts өнгөрсөн намар app maker Playfish-ийг худалдан авсан бөгөөд Facebook дэх EA-ын каталогид Playfish-ийн тоглоомууд мөн багтсан байгаа юм. Харин Playfish-ийн хөгжүүлсэн Pet Society болон Restaurant City тоглоомууд өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийнхээ тоогоор Facebook-ийн топ 10 тоглоомын жагсаалтад багтаж байна.

EA Interactive-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Барри Коттл шинэ гэрээний талаар “Facebook-т тоглоом үнэхээр чухал байр суурь эзэлдэг. Харин манай студийн тухайд Facebook-тэй хамтран ажиллах харилцаагаа улам бүр өргөжүүлэх зорилготой байна” хэмээжээ.

Facebook мөн энэ оны эхээр олон нийтийн харилцааны сайтын тоглоомын ангилалд томоохон байр суурь эзэлж буй Playdom болон Crowdstar студитэй мөн таван жилийн гэрээ байгуулсан юм. Дашрамд сануулахад, Playdom-ыг өдгөө Walt Disney эзэмшиж байгаа ажээ. 

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж