Хүний эрхийн асуултад хүнийрхүү хариулав уу

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн асуултад хүнийрхүү хариулав уу

Уржигдар Женев хотноо хүний эрхийг хангах, хамгаалах талаар  олон улсын байгууллагын өмнө Монголын засгийн газар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаараа Үндэсний илтгэлээ тайлагнаж НҮБ-ын 47 орны төлөөлөгчдөд “байцаагдав”. Энэ үйл явдлын өмнө Засгийн газраас НҮБ-ын хэлэлцүүлэгт оруулж байгаа илтгэлийг тойрсон олон шүүмж сонсож байсан боловч аливааг бодитоор харьцуулахыг эрхэмлэх үүднээс төрийн төлөөллүүд маань хэрхэн хариулахыг нь харж байж дүгнэлт хийе гэж шийдээд байсан юм. Гэтэл үнэхээр дуугарахгүй байж боломгүй хэд хэдэн дүгнэлт гарч байна. Ялангуяа 7-р сарын 1-ний хэрэг явдлын тухай асуудлаар хариулсан Засгийн төлөөллийн дурдсан тоо баримт болон зарим тайлбарыг нь үнэндээ хүлээн зөвшөөрч боломгүй мэт.

НҮБ-ын гишүүн орнуудын “байцаалт”-ын үеэр магадгүй хамгийн их хүлээлт үүсгэж байсан асуулт болох “2008 оны 7-р сарын 1-д юу болсон бэ?” гэдэг асуулт ч тавигдсан юм. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар үүнд хариулахдаа “…Энэ үйл явдал бидний хувьд үнэхээр эмгэнэлт үйл явдал байсан” гэж хариулж эхлэв. Үүнтэй ч бүгд санал нэгдэх боловч дараа нь хэлсэн зүйл нь эргэлзээ төрүүлэв. Тэрээр хэлэхдээ “ энэ үйл явдлын үеэр 4 хүн буун сумнаас болж, харин нэг хүн тухайн үед гарсан гал түймрийн хорт утаанаас болж нас барсан” гэж хэлсэн юм.

Дөрвөн хүн буун суманд амь үрэгдсэн гэдгийг хэлсэнд нь талархая. Тэгэхдээ өөр нэг амь үрэгдсэн хүний талаар “утаанд хордож нас барсан” гэх тайлбарыг эрхэм төрийн түшээ өгөхдөө баталгаа нотолгоог нь өөрөө сайн л мэдэж байсан юм байх даа. Энэ тайлбарыг сонсож суусан гадаадын төлөөлөгчид “нэг нөхөр түймрийн утаанд нь хордоод үхчихэж дээ” л гэсэн ойлголттой өнгөрөх шиг болсон. Үнэндээ бол тав дахь амь хохирсон иргэнийг хүчний байгууллагынхан гавлаж орхиод явсан тул “утаанд хордохоос” өөр аргагүй байсан гэдгийг гадныхан яаж ч мэдэх билээ. Тэгээд ч тухайн хүний биед хүч хэрэглэсэн болоод түлэгдэж гэмтсэн ул мөр байсан хэрнээ хувцас нь зүв зүгээр байсан гэх зөрчилтэй олон баримтууд гарч ирснийг эрхэм төрийн түшээд ер нь сонсож байсан юм болов уу?

Бас нэг хариулт гайхалтай санагдав. Төрийн нарийн бичгийн дарга хэлэхдээ 7-р сарын 1-ний үйл явдалтай холбоотойгоор иргэний хөдөлгөөний нэг л удирдагчийг мөрдөн байцаасан гэж хариулав. Хэрэв андуураагүй бол О.Магнай болон Ж.Батзандан нарын аль аль нь энэ хэргийн улмаас хоригдож байцаагдсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Эсвэл нэг хоёрын хооронд ялгаагүй юм болов уу. Мөн энэ үйл явдлын талаар ноён Д.Цогтбаатарын хариулт дээр нэмж ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хариулт өгөхдөө хэргийн хохирогч нарт учирсан хохирлын нөхөн төлбөрийг нь өгсөн гэж нэлээд шамдангуй “тодруулж” байлаа. Манай төлөөлөгчдийг ийнхүү асуудлыг түргэхэн замхруулахаар махран хичээж байхад асуулга тавьсан гадныхан амь үрэгдэгсдийн ар гэрт олгосон нөхөн төлбөрийн хэмжээ зохистой байсан эсэхэд эргэлзэж байгаагаа нуусангүй.

Ганцхан сэтгүүлч миний хувьд ийм хар төрөөд байна уу гэвэл бас тиймгүй бололтой. Өчигдөрхөн Монголын төрийн бус байгууллагын Форумаас мэдэгдэл гаргаж Монголын Засгийн газрын төлөөллийн НҮБ-ын салбар байгууллагад танилцуулсан илтгэл болон асуулгад өгсөн хариултад эсэргүүцэл илэрхийлж байгаагаа зарласан байна.

Тэд энэхүү мэдэгдэлдээ , “Хүний эрхийн зөвлөлийн хуралдааны үеэр улс орнуудын тавьсан асуултад Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдийн өгсөн зарим хариулттай ТББ-ын форум санал нийлэхгүй байна” гэж мэдэгджээ.
Энэхүү Форумын зүгээс тухайлан “ 7-р сарын 1-ний үеэр амиа алдсан иргэдийн хэргийг мөрдөн шалгах үйл явцын талаархи асуултад хариулахдаа хэргийг  нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэмээн үнэнд үл нийцсэн  хариулт өгсөн “ гэж үзээд үүнд харамсаж байгаагаа мэдэгдэж буй юм.  
Мөн Засгийн газрын төлөөлөгч нарын хариул­сан бусад хариултыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ч мэдэгдэж байгаа юм. Тухайлбал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа нь сонгогчдын буруу мэтээр тайлбарласан гэж тэд үзжээ. Энэ нь “ нийгэм дэх эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах хандлагыг өөгшүүлж, энэ чиглэлээр Монгол улсын Засгийн газрын олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээсээ зайлсхийсэн мэдэгдэл” болж байна гэж буруутгажээ.

Үүний зэрэгцээ Англи болон Испанийн төлөөлөгчдийн зүгээс түгээмэл бус  бэлгийн хандлага бүхий цөөнхөөс ялгаварлан гадуурхалд өртөж байгаа талаар асуухад Засгийн газрын төлөөлөл хариулахдаа мөн л үнэнийг нуусан гэж ТББ-ын Форум үзэж байгаа аж. Энэ талаар тэдний мэдэгдэлд, “Бэлгийн цөөнхийн эсрэг цагдаа, хууль сахиулах байгууллагаас үзүүлж буй дарамт, хавчлагын талаар албан ёсны мэдээ баримт байхгүй гэсэн шалтгаанаар асуудлыг үгүйсгэсэн, хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд шүүмжлэлтэй хандаж байна” гэж дурдсан байна. Мөн “иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хамгаалж чадахгүй байгаа шалтгаанаа байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарласан нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас үүсч буй хүний эрхийн зөрчлүүдийг үгүйсгэсэн”  мэдэгдэл болсон” гэж дүгнэж байгаа юм.

Ерөнхийдөө бол Монголын Засгийн газрын төлөөллөөс асуулга тавьсан улс орны төлөөлөгч нарын асуултыг харж байхад багагүй мэдээлэл олж авдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрөхөөр байна. Голлон тавигдаж байсан асуудлуудын нэг нь гэвэл Цаазаар авах ялыг хориглох асуудлыг нааштай шийдэх эсэх тухай байлаа. Мөн монгол охид бүсгүйчүүд хүний наймаа, бэлгийн мөлжлөг болон гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртөж байгааг анхаарахыг зөвлөж байсан улс орон олон байв. Ялангуяа АНУ-ын төлөөлөл монгол охид бүсгүйчүүд хүчирхийлэлд өртөх тоо хэмжээ өндөр байна гэж дүгнэснийг онцлон анхаарах хэрэгтэй мэт санагдана.

Мөн Италийн төлөөлөгчийн анхааруулж лавласан хүүхдийн эрхийн асуудал ч бас сонирхол татахаар байсан юм. Тэрээр монгол хүүхдийг бага наснаас нь хол замын уралдаанд хурдан морь унуулах, циркийн үзүүлбэрт тоглуулж байгааг тэвчишгүй хөдөлмөрт ашиглаж байгаагийн нэгэн хэлбэр гэж үзэж байгаагаа илэрхийлсэн нь сонирхолтой байсан юм.

Энэ мэт шүүмжлэл дагуулсан, анхаарал татсан, бас заримдаа монголчуудын хувьд хөгжилтэй ч гэмээр олон асуултуудын цаана хамгийн чухал нь “Бид хэнээр эрхээ хамгаалуулж байна вэ?” гэсэн асуулт л хариултгүй үлдэж байна. Өөрөөр хэлбэл, бидний эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн Засгийн газарт дүн тавих эрхээ эдлэх нь одоо харин бидний үүрэг болж байгаа юм. Та бүхэн энэ үүргээ биелүүлнэ гэдэгт найдья .

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж