“Монгол мал”-ын хөрөнгөөс шүлхийд зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

“Монгол мал”-ын хөрөнгөөс шүлхийд зарцуулжээ

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилгоор УИХ-ын хаврын чуулганаар “Монгол мал” хөтөлбөрийг баталсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд нийт 9.5 тэрбум төгрөг баталж, уг хөрөнгийг малын үүлдэр угсааг сайжруулах болон малыг эрүүлжүүлэхэд зарцуулахыг үүрэг болгосон ч 2.7  тэрбум төгрөгийг шүлхий өвчинд зарцуулсан нь  хууль зөрчсөн үйлдэл болжээ.

Энэ асуудлыг  УИХ-ын Байгаль орчин, хүнс,  хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсох үеэр хөндлөө.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхны тайлбараар бол хууль зөрчсөн зүйл ч бас биш гэнэ. “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд Дорнод аймгийн Халх гол суманд гарч, орон нутгийн төвшинд хязгаарлалтын дэглэм тогтоон ажилласан ч хүрээ нь тэлсээр байсан. Улмаар зургадугаар сарын 18-нд Улсын Онцгой комисс хуралдаж, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь зэрэг таван аймгийн 360 мянган бод, 6 сая 800 мянган бог малыг вакцинжуулахад зориулж 3.9 тэрбум төгрөг гаргуулахаар  болж, Засгийн газрын хуралдаанд асуудлыг оруулсан. Тухайн үед Засгийн газрын нөөцөд хөрөнгө гэх юм байгаагүй тул арга буюу “Монгол мал” хөтөлбөрийн хөрөнгөөс татахаас аргагүй болсон. Ер нь ч тус хөтөлбөрт халдварт өвчнийг бууруулах, ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд зориулж хөрөнгийг нь зарцуулж болох заалт байдаг. Тиймээс Сангийн сайд хууль зөрчөөд “Монгол мал” хөтөлбөрийн мөнгөнөөс зарцуулах эрх өгчихсөн гэж ойлгох нь учир дутагдалтай. Хэрвээ ингэж хөрөнгө гаргаагүй бол зүүн аймгуудад гарсан шүлхий өвчний дэгдэлтийг бууруулж чадахгүй байсан” гэх тайлбарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга өглөө. Сангийн сайд С.Баярцогтоос энэ талаар тайлбар авахыг хүссэн ч ирсэнгүй, мэргэжилтнүүдийг нь дуудсан ч бас л таг болов.

Өнгөрсөн хугацаанд шүлхий өвчний тархалтыг зогсооход Засгийн газрын зүгээс 3 тэрбум 300 гаруй сая төгрөг зарцуулжээ. Тэгсэн хэр нь малын хорогдол буураагүй нь татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулаад салхинд хийсгэчих вэ гэх асуулт тавихад ч хүргэв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд “Одоо шүлхий өвчний тархалт буурсан, ирэх долоо хоногийн даваа гаригт орон нутгийг зорьж, байдалтай биечлэн танилцана” гэх хариу тайлбар хийв. Янз нь Засгийн газраас 3 тэрбум гаруй төгрөг гаргаж, яам нь бүтэн долоон сар шүлхийтэй тэмцсэний хүчинд арай гэж нэг юм хүрээг нь хумьжээ.

Монгол Улс уг нь 40  сая гаруй толгой малтай байсан ч өнгөрсөн өвлийн зуднаар есөн сая гаруйг нь алджээ. Дээр нь шүлхий өвчний улмаас 24 мянга гаруй толгой малыг газарт булсан. Энэ тохиолдолд Монголд эрүүл мал бий гэж үзэхэд ч төвөгтэй болсон төдийгүй УИХ-аас мал аж ахуйн салбарыг сэргээх, түүнийг дагуулаад малчдын ахуй амьжиргааг дээшлүүлэх  бодлогыг хэдэнтээ баталлаа ч  хэрэгжилт хангалтгүй байгаа нь “Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилтээс харагдлаа гэж гишүүд шүүмжлэв. Мөн ирэх онд дээрх хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийх талаар салбарын яамнаас нь сонирхвол тухайн ажилд зарцуулахаар тусгасан хөрөнгийг Сангийн яам үндсэнд нь хасчээ. Тухайлбал, хөтөлбөрт заасан заалтын дагуу мах, сүү нийлүүлсэн малчдад урамшуулал олгохоор  тусгаад байсан аж. Газар тариаланг хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын зүгээс тариаланчдад нэг тонн улаан буудайнд 50-80 мянган төгрөгийн урамшуулал олгож ирсэн. Үүн шиг малчдыг сайн чанарын мах, сүү нийлүүлбэл, мөн цас борооны ус ашиглаж цөөрөм байгуулан мал аж ахуйдаа ашигласан нөхцөлд урамшуулал олгодог байхаар ярьж, үүнд нийт 4.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байжээ. Түүнчлэн махны чиглэлийн 1000 үхэр гаднаас оруулж ирэхээр 4.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн яам мөн л байхгүй болгожээ.

Социализмын үед яралзтал ажиллаж байсан шиг түүхий эдийн бэтгэлийн баазтай болох суурь зарчмуудыг ч “Монгол мал” хөтөлбөрт оруулсан юм байна. Хөрөнгийн эх үүсвэрээс шалтгаалаад ажил эхлүүлэхэд хүндрэлтэй болсон тул 2011 онд энэ чиглэлийн ажлыг хийнэ гэж хэлэхэд бас бэрхшээлтэй. Хэрвээ УИХ шаардлагатай хөрөнгийг батлаад өгчихвөл сум бүрт түүхий эдийн бирж байгуулж нэгдсэн том бирждээ түүхий эдээ тушаадаг дамжлагад шилжих бололцоотой. Түүнээс нааш ер нь бүтэхгүй талдаа аж. Өөрөөр хэлбэл,  “Монгол мал” хөтөлбөр амьдралд хэрэгжиж, малчдын ахуй амьжиргааг өөд таттал өдий бололтой.  Үүнийг дагаад малын гаралтай түүхий эдээ боловсруулалтад оруулж, гадаад руу экспортлох ч мөрөөдөл болж үлдэв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж