
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд 2011 оны нэгдсэн төсөвт суулгасан хөрөнгө оруулалтын зардлыг тодорхой болгох ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Тухайлбал, Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төслөөр хөрөнгө оруулалтын зардалд 76 тэрбум төгрөг тусгасан байдаг. Сангийн сайд С.Баярцогт “Хөрөнгө оруулалтын зардалд 760 тэрбум төгрөг суулгасан” гэж тайлбарлаад буй. Мөн Сангийн яамны мэргэжилтэн 76 тэрбум төгрөгийг 10 аар үржүүлчихээр хөрөнгө оруулалтын жинхэнэ зардлын тоо гарна гэж тайлбарласан. Тийм учраас аль нь болохыг сайтар нягтлах. Хэрвээ 2011 оны нэгдсэн төсөвт хөрөнгө оруулалтын зардлыг 760 тэрбум төгрөгөөр тусгасан бол зардал өсч, тэр хэрээр алдагдал нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.
Мөн тус бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Орон нутагт санхүүгийн эрх олгох тухай хуулийн төсөл, Засгийн газраас барьсан өсөн нэмэгдэх рояльтын тухай хуулийн төсөл/анхны хэлэлцүүлэг дээрээ явж байгаа/, Нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг УИХ-аар баталсны дараа ирэх оны нэгдсэн төсвийг хэлэлцэн батлах ёстой гэсэн байр суурь баримталж буй билээ.
Г.Дарь