
Намын дарга нарын хэлснээр их хурлаар МАХН-ын нэрийг МАН болгож, зүүн төвийн үзэл баримтлалаа үндэсний ардчилсан гэсэн тодотголоор баяжуулах ажээ. Баруунтан болж урвахгүй, Социнтерний гишүүнээсээ гарахгүй, МАХН-ын даргын албыг Ерөнхий сайдаас салгахгүй, хамтарсан засгаа өөрчлөхгүй, өнгөрсөн 20 жилийн алдаа оноог дэнсэлж, ирэх 20 жилийн ерөнхий төлөвлөгөөг гаргана гээд их хурлаар хэлэлцэх асуудлаасаа дарга нар танилцууллаа. Гэхдээ л гол сценари гаргах МАХН-ын Бага хурлыг хаалттай хийхээр болж сэтгүүлчдийн өмнө хаалгаа хаах нь тэр. Мэдээжээр Бага хурлын өмнө Удирдах зөвлөл хуралдаж ерөнхий чигээ гаргасан байж таарна. Сүүлийн үед Удирдах зөвлөл хамгийн эрх мэдэлтэй байгууллага болоод байгаа. МАХН-ын даргын үгийг Удирдах зөвлөл дагана. Удирдах зөвлөлийг Бага хурал, Бага хурлыг их хурал дагана. МАХН-ын даргын ганцаараа гаргасан шийдвэр 801 хүний саналаар баталгаажаад 150 мянган гишүүний дагаж мөрдөх хууль болно. МАХН-ын ажил амьдрал 2007 онд хуралдсан намын ХХY их хурлаас хойших сүүлийн гурван жилийн турш ийм зарчмаар явж ирсэн.
Хаалттай хаалганы цаана зурж гаргаж байгаа сценариар бол Бага хурлын гишүүд их хурлынхаа төлөөлөгчдөд нөлөөлж Удирдах зөвлөлийн төлөвлөгөөг 100 хувийн саналаар батлуулах ёстой. Эс тэгвэл намынхаа эсрэг хөдөлсөн болж таарч, намын дүрэмд оруулах шинэ өөрчлөлтийн дагуу сахилгын том хариуцлага хүлээн гишүүнчлэлээсээ данс дугуйлахаар болоод буй.
Хаалттай гаргаж байгаа сценарийн хамгийн ноцтой, хорлонтой хэсэг нь энэхүү МАХН-ын дүрэмд оруулах өөрчлөлт юм. Намын олонхийн саналаас зөрсөн, дарга нарын шийдвэрийг эсэргүүцсэн зэрэг олон шалтгаанаар гишүүдээ намаас гаргах заалтыг дүрэмдээ оруулахаар хаалттай Бага хурлаараа шийдэж байна. Намаас хөөх, хасах гэх мэт “социалист”нэр томъёог нэрийнхээ “Хувьсгалт” гэсэн үгтэй хамт авч хаяад “гаргах” гэсэн “ардчилсан” үгээр сольж байгаа юм гэсэн. Хазгай гишгэвэл намаас “гарсан” болчих тул их хурлын төлөөлөгчид урьд урьдынхаасаа ч илүү эмээж, намын даргын далласан газарт ил гарч, далайсан газарт далд орж байхаар болоод байна.
МАХН дотор байгуулагдсэн “Эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёс” хөдөлгөөнийхөн үүнийг эсэргүүцэж байгаа. Гэхдээ л танилын нүүр халуун гэгчээр яг их хурал дотор ороод суухаараа олонхийн аясыг л дагаж таарна. Эс тэгвэл намгүй болж, цааш ахих дөхөх зам мухардана.
Ямар боловч МАХН-ынхан хамтарсан Засгийн газраар оролдохгүй гэдгээ хэллээ. МАХН-ыг МАН болгосноор намын нэр давхардсан гэх зэрэг шалтгаанаар шүүхэд дуудагдахгүй гэчихлээ. Саяхан МАН-ыг 1996 онд байгуулсан ардчиллын анхдагчдын нэг лам Д.Баасанг МАХН эгнээндээ элсүүлсэн нь ууган намд хувраг хэрэгтэйдээ бус, МАН байгуулагчийг өвөртөө хийгээд нэрийн маргаангүй болох явдал байсан гэдэг нь одоо ойлгомжтой болж байна. Хэдэн жилийн өмнө лам Д.Баасантай хамт МАН-ыг байгуулсан түүхч Д.Өлзийбаатар МАХН-д дагаар орсон нь ч өнөөдөр ийнхүү шүүхийн маргаангүйгээр нэрээ солиход ач тусаа өгчээ.
МАХН нэрээ МАН болгох нь нэгэнт тодорхой боллоо. Харин үүний дараа өчнөөн олон тамга тэмдэг, баримт бичгийн толгой солих ажил ундарна. Түүний зэрэгцээ УИХ дахь МАХН-ын бүлэг МАН-ын бүлэг болох эрхтэй юү, эсвэл 2004-2008 оны УИХ-ын үеийн Ардчилсан намын зөвлөл гэгч шиг саармаг статустай үлдэх үү гэх зэрэг сонин асуудлууд гарч ирнэ. Хамтарсан Засгийн газрын нэг “ам бүл” нэрийн маргаанд унавал мөн л асуудал үүснэ. Энэ мэт олон асуултын тэмдэг МАХН-ын их хурлын дараа босно. Гэхдээ сценари хэр сайн байхаас дараагийн үр дагаврууд зөөлөн тусч ч мэднэ.
Д.ОЮУНЦЭЦЭГ