Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах формейшн тэмцээн ОХУ-ын Москва хотноо өчигдөр болж өндөрлөжээ. Энэ оны ДАШТ-д Орос, Герман, Литви, Австри, Польш, Румын, Монгол зэрэг улсын нийт 17 хамтлаг оролцсоноос Монголын бүжгийн спортын холбооны ерөнхийлөгч Ч.Жаргалсайхан, багш Д.Ганчулуун нараар удирдуулсан “Стар” хамтлаг аравдугаар байрт шалгарчээ.
Тэд Англи, Унгар, Польш, Румыны чадварлаг, туршлагатай багуудыг ардаа орхисон байна. Тэмцээнд Оросын Тюмений "Вера" хамтлаг тэргүүлж, Литвийн "Zuvedra Klaipeda A" удаалж, Германы "Green-Gold-Club Bremen" хамтлаг гуравдугаар байрт шалгарчээ. Ази тивийн ганц төлөөлөл болсон "Стар" хамтлаг анх удаа бүжгийн спорт өндөр хөгжсөн орнуудтай ДАШТ-д оролцож багагүй амжилт үзүүлсэн байна. Тус хамтлагийнхан өнөөдөр эх орондоо газарджээ.
А.Сүндэр