Арваннэгдүгээр сарын 3

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Арваннэгдүгээр сарын 3

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Арваннэгдүгээр сарын 3-ны баяр
    Панамын тусгаар тогтнолын өдөр

    Панама улс 1821-1903 онуудын хооронд Колумбийн бүрэлдэхүүнд орж байлаа. АНУ-ын Конгресс Номхон далай ба Карибийн тэнгисийг холбосон Панамын сувгийг санхүүжүүлэх шийдвэр гаргасны дараа тэнд Колумбийн эсрэг бослого гарчээ. АНУ шинэ улсын Засгийн газрыг нь дэмжихээр цэрэг оруулсан байна.  Хоёр тэнгисийн хооронд 50-185 км-ийн өргөн урт зурвасыг Панам эзэлдэг  ба 75517 кв/км нутаг дэвсэртэй.

    Өдрийн ишлэл
    “Эрх чөлөө, энх тайвныг хайрлаж, соёлын хөгжлийг дэмжинэ”
    (Японд энэ өдөр тэмдэглэх баярын зорилгыг Баяр, наадмын тухай хуулиндаа ингэж заажээ)

    Японы эзэн хаан Муцухито (Мэйзи) 1867-1912 онуудад хаан ширээнд сууж байлаа

    Японыг дэлхийн хүчирхэг гүрэн болгосон, 1852 онд  мэндэлсэн эзэн хаан Мэйзийн төрсөн өдрийг эхлээд арваннэгдүгээр сарын 3-нд тэмдэглэдэг байв. Дэлхийн II дайнд Япон ялагдсаны дараа “Мэйзийн өдрийг” татан буулгаад “Соёлын өдөр” гэгч баярыг гаргаж иржээ. Энэ өдөр япончууд амралтын газрууд, үндэсний хүрээлэнгүүдээр зугаалан халуун рашаанд суудаг уламжлалтай. Сүүлд тогтсон уламжлалын дагуу энэ өдөр уран зохиол, яруу найраг ба уран зургийн шагналуудыг олгодог.


    Орос-Монголын гэрээг байгуулав

    1912 он: Гадаад Монголын автономийг хүлээн зөвшөөрсөн Орос-Монголын гэрээг өнөөгөөс 98 жилийн өмнө байгуулжээ. Гадаад Монголын дөрвөн аймаг 1911 оны арваннэгдүгээр сард тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулсан тунхагийг гаргасан байлаа. Тэр цагт Орос, Монголын хооронд худалдаа, аж үйлдвэрийн нэлээд бат бэх харилцаа байсан ба тэр нь Орос-Хятад хоёрын 1885 оны Тэнжиний, 1860 оны Бээжингийн, 1881 оны Петербургийн  гэрээгээр зохицуулагдаж байжээ.

    Тусгаар тогтнолыг тунхагласан нь орон нутгийн зах зээл дэх Хятадын капиталын давамгайллыг тооцон үзэж байсан Оросын Монголд хандах эдийн засгийн бодлогыг өөрчлөх ёстой байлаа. Өргөөгийн Засгийн газартай байгуулах гэрээний төслийг наймдугаар сар гэхэд бэлтгэж дууссан ба 1912 оны арваннэгдүгээр сарын 3-нд түүнд гарын үсгээ зурцгаажээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслол Их  хүрээнд болж, Оросын төлөөлөгч Иван Яковлевич Коростовцев, Гадаад Монголын Засгийн газрын  бүрэн эрхт төлөөлөгч Сайн Ноён хаан Намнансүрэн, Чин сүжигт да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж  нар гарын үсгээ зуржээ. Гадаад Монголын автономийг Хаант Орос хүлээн зөвшөөрснөөр тэд “тогтоосон автономийн бүтцийг хэвээр хадгалан үлдэхийн тулд”  тусламжийг үзүүлнэ гэж үүрэг хүлээсэн байлаа. Гэрээний дагуу Гадаад Монголыг үндэсний засгийн газар нь захирч, Хятадын колоничлол ба Хятадын цэрэг байлгахыг зөвшөөрөхгүй гэсэн байжээ. Гэрээнд “Оросын харьяатуудын эдэлж байгаа эрхээс илүүтэй эрхийг  гадаад бусад харьятуудад  олгохгүй” гэсэн үүргийг монголчууд авсан байлаа. Үүнээс жилийн дараа 1913 онд Гадаад Монголын автономийг Хятадын Засгийн газар хүлээн зөвшөөрсөн байжээ.

    Нохойг сансарт нисгэжээ

    1957 он: Зөвлөлт «Спутник-2» сансрын аппаратаар Лайка нэртэй нохойг сансарт хөөргөжээ. “Хүн төрлөхтний агуу алхам нь агаар мандлыг нэвтрэн дэлхийн хиймэл дагуул болох явдал. Нарны аймгаас цааш аялах зэрэг бусад нь харьцангуй амархан байх болно” гэж Константин Эдуардович Циолковский бичиж байжээ.  Нохойг сансарт хөөргөсөн нь үнэндээ агуу алхам болсон юм. Пуужингийн нислэгээр амьд амьтныг хөөргөн судлах ажил Сергей Павлович Королевын санаачлагаар 1948 онд Зөвлөлтөд эхэлсэн байна. Капустин Яр гэх туршилтын тайлбайгаас Р-1А пуужингаар нохойтой тусгай контейнерыг хөөргөн пуужингаа болгож байсан ба Р-2, Р-5 пуужингуудаар нохойг 470 км-ын өндөрт хүртэл хөөргөн үзэж байлаа. Ингээд 1957 оны энэ өдөр дэлхий орчмын тойрог замд хамгийн анхны халуун цуст амьтан Лайка нохойтой  «Спутник-2» аппарат орж, дэлхийг 2570 удаа тойроод 1958 оны дөрөвдүгээр сарын 4-нд агаар мандалд бууж ирэхдээ шатжээ. Английн амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн энэ нислэгтэй холбогдуулан  амьтантай зэрлэгээр харьцлаа гэсэн эсэргүүцлийн цахилгааныг Зөвлөлтийн лидер Хрущевт ирүүлж байжээ.

    ЮНЕСКО-гийн цогцолбор нээгдэв

    1958 он: Парис хотноо Сена мөрний зүүн эрэгт  Америкийн Марсель Брёйер, Италийн Пьер Нерви ба Францын Бернар Зерфюсс нарын уран барилгачдын зураг төслөөр босгосон ЮНЕСКО-гийн албан байрыг нээжээ.

    Цогцолбор нь нарийн бичгийн дарга нарын газар, хурлын байр, байнгын төлөөлөгчдийн газар гэсэн гурван байшингаас бүтэх ба  Нарийн бичгийн дарга нарын газар нь бие биедээ 120 градусын өнцөгтэйгээр баригдсан корпусууд. Цогцолборын жин нь 72 бетонан сууринд хуваарилагджээ. Нүүрэн талын 1068 цонх нь дотоод орон зайд дээд зэргийн гэрэл гэгээг нэвтрүүлдэг.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж