Намын дарга, Ерөнхий сайдыг салгахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Намын дарга, Ерөнхий сайдыг салгахгүй гэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    МАХН-ын XXYI их хурал маргааш эхлэх гэж байгаатай холбогдуулан МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд, намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, У.Барсболд, Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, гишүүн М.Энхболд, сайд Т.Ганди нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

    МАХН-ын дарга С.Батболдын мэдээлснээр МАХН-ын 1600 гаруй анхан шатны байгууллагын 150 мянган гишүүнийг төлөөлсөн 801 төлөөлөгчийг их хуралд сонгон ирүүлжээ. Төлөөлөгчдийн 22,2 нь эмэгтэйчүүд, 20,8 хувь нь 35 хүртлэх насны залуус, 31,1 хувь нь 36-45 насныхан, 41,1 хувь нь 46-60 насныхан, 6,9 хувь нь 60-аас дээш насны ахмадууд байгаа нь залуу, дунд, ахмад үеийн төлөөллийг хослуулсан чамбай бүрэлдэхүүнтэй болсныг намын дарга онцоллоо. “Ардчиллын 20 жилийн 16-д МАХН дангаараа болон бусад хүчинтэй эвсэн засгийн эрх барьж ирсэн тул өнгөрсөн хугацааны алдаа оноо бүхэн МАХН-тай холбоотой. Иймээс их хурлаараа өөрийнхөө талаар ярихаасаа илүү улс орноо хөгжүүлэх бодлого зорилтоо тодорхойлох нь гол асуудал. Иймд Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн 20 жилийн алдаа оноонд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын 20 жилийн бодлого, зорилтыг тодорхойлох талаар хэлэлцэнэ. Мөн өмнөх ХХY их хурлын шийдвэрийн биелэлтийг хэлэлцэнэ. Энэ удаагийн их хурал МАХН-ын 90 жилийн ойн өмнө болж байгаагаараа онцлог юм. Их хурлыг маргааш өглөө 09.00 цагт Төрийн ордонд эхлүүлнэ” гэлээ. Их хурлын өдрүүдээр бөхийн барилдаан, концерт зэрэг арга хэмжээ болох аж. Ингээд хэвлэлийн бага хуралд оролцогчид сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

    -МАХН их хурлаараа уугуул нэрээ сэргээнэ гэж байна. Нэг нам нөгөө нам болохыг хэзээ, ямар дүрмээр зохицуулсан юм бэ?

    С.Батболд: -Аль ч намд үндсэн хууль нь болох намын дүрэм гэж байдаг. Намын үйл ажиллагааг түүгээр зохицуулдаг. Намын дүрмийн хүрээнд зохион байгуулалтын асуудлаа ярина. Дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны чиглэлтэй асуудал хэлэлцэнэ.

    Д.Лүндээжанцан: -МАХН шинэ нам болохгүй. Уугуул нэрээ сэргээх талаар ярилцана. Тэрнээс биш нам шинээр байгуулах, өөрчлөн байгуулах талаар ярихгүй. Намыг өөрчлөн байгуулна гэдэг нь намууд нэгдэх, нийлэх гэсэн хэлбэртэй. Уугуул нэрээ сэргээхийн тулд Улс төрийн намуудын тухай, УИХ-ын тухай хууль, Иргэний хууль зэргийг нэгд нэггүй үзсэн. Энд хууль, эрх зүйн ямар нэг зөрчил байхгүй.

    -Үзэл баримтлал өөрчлөгдсөнөөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт өөрчлөлт орох уу. Халамжид чиглэсэн бодлогоо өөрчлөх үү?

    С.Батболд: -Намын үзэл баримтлалыг өөрчлөх биш уламжлалаа хадгалж, тодотгон баяжуулна гэж намын анхан шатны байгууллагуудаар хэлэлцүүлж тогтсон. Манай зүүн төвийн нам байх, Социнтерний гишүүн байх зарчим хадгалагдаж байгаа. Монгол Улсын язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдлэх ёстой. Нийгмийн хамгаалал, халамжийг илүү тодорхой ангилж, халамж шаардсан хэсэгтээ өгөх байр суурьтай байгаа. Мөрийн хөтөлбөрт зарчмын өөрчлөлт орохгүй.

    -Хамтарсан Засгийн газрын гэрээнд өөрчлөлт орох  уу. Гэрээг хүчингүй болгох уу. Намын дарга, Ерөнхий сайдын албыг салгах уу?

    Д.Лүндээжанцан: -МАХН-ын дарга Ерөнхий сайд байх ерөнхий зарчимтай тул энэ хоёрыг салгахгүй. Ардчилсан намтай байгуулсан хамтран ажиллах гэрээнд өөрчлөлт орохгүй, хүчин төгөлдөр хэвээр үргэлжилнэ. Гэрээнд нэг талын саналаар өөрчлөлт оруулдаггүй. Намын нэр сольсноор нам өөрчлөгдөхгүй. Тэр бүү хэл МАН болсноор УИХ дахь МАХН-ын бүлгийг өөрчлөх үү гэж асууж байгаа. Өөрчлөхгүй. Нам нь тарсан, эсвэл наймаас дээш гишүүнд тоо нь хүрэхээ больсон гэх мэт шалтгаанаар л бүлгийг өөрчилдөг хуультай.

    -Өмнө нь, 1990-ээд онд МАН гэдэг нам байсан. Хуулийн дагуу тэр нам татан буугдаад 25 жил болоогүй байхад нэрийг нь авч болдог юм уу?

    У.Хүрэлсүх: -Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 17 нам байна. Тэр дотор МАН гэдэг нам байхгүй. Тийм нэртэй намыг лам Баасан нар 1996 онд байгуулсан юм билээ. Шашны гэсэн тодотголтой байгаад 2006 онд татан буугдсан. Тиймээс нэрийн давхцал байхгүй.

    -Гадаад орнуудад улс төрийн намууд хатуу гишүүнчлэлээс татгалзаж байна. Монголд энэ хэрэгжих үү?

    У.Хүрэлсүх: -Монголд гишүүнчлэлээс татгалзсан нам одоогоор байхгүй. Гадаадад тийм байдаг ч манайд цаг үе нь хараахан биш байна.

                                Д.ОЮУН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж