Атрын аянаар сая тонн үр тариа авчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Атрын аянаар сая тонн үр тариа авчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөр 2008-2010 онд хэрэгжээд үндсэндээ дуусчээ.

    Хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд манай улс сая гаруй тонн үр тариа, 465.7 мянган тонн төмс, 249.3 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн таримал тэжээл хураан авснаар буудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь, гол нэрийн хүнсний ногооны 52-58 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдсэн байна.

    Аяны хүрээнд газар тариалангийн салбарт ашиглагдаж буй зүтгэх хүчний техникийн 80 хувь, үр тариа хураах комбайны 65 хувийг бүрэн шинэчилж, дэвшилтэт технологийг нэвртүүлснээр 2010 оны ургац хураалтын ажлыг урьд жилүүдтэй харьцуулахад 14-21 хоногийн өмнө дуусгаж урьдчилсан дүнгээр 358.2 мянган тонн үр тариа, 167.6 мянган тонн төмс, 87 мянган тонн хүнсний ногоо, 37.5 мянган тонн таримал тэжээл тус тус хураан аваад байна.

    Мөн “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн тоо 600 гаруйгаар нэмэгдэн ажилгүйдэл ядуурлыг бууруулахад хувь нэмэр болсон хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны вэб сайтад мэдээлжээ.

    Б.СҮРЭН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж