Аймгийн түүхэн хөгжил

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Аймгийн түүхэн хөгжил

Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг тухайн үеийн Давхрын төмөр замын өртөө, барилгын түүхий эдийн ордуудыг түшиглэн 1961 оны 10-р сарын 17-ны өдөр тавьсан юм.

УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон өөрчилсөн.

Тус хот нь хуучнаар эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнууд болох Зөвлөлт Холбоот улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулагдсан.

Энэ ч утгаараа Дархан хотыг “Найрамдлын хот” хэмээн нэрлэсээр ирсэн.
 

Газар зүй
Дархан-Уул аймаг нь Монгол орны хойд хэсэгт Хэнтийн нурууны салбар уулсын дунд Хараа голын зүүн хойд хөндийг хамарсан 327,5 мянган га газар нутагтай. Нийт газар нутгийн 70,7 хувь буюу 231,7 мянган га талбайг ХАА-н эдэлбэр газар эзэлдэг.
Тус аймгийн газар нутгийн хэмжээ бага боловч алт, шохойн чулуу, нүүрс, барилгын материалын төрөл бүрийн түүхий эд зэрэг байгалийн баялгийн нөөц ихтэй.
Далайн түвшнээс 707 м өндөрт өргөгдсөн харьцангуй нам дор газарт байрлана. Тус аймгийн нутгаар Хэнтийн нуруунаас эх авч Орхон голд цутгадаг Хараа, Зулзага, Шарын гол, Ерөө, Орхон, Хүйтний, Хавчуун зэрэг голууд урсдаг.
Агаарын үнэмлэхүй их температур 7-р сард 42.6 С0, үнэмлэхүй бага температур нь 1-р сард -43.7 С0 хүрдэг.
Жилд дунджаар 310-320 мм хур тунадас ордогийн 85-90% буюу 284-290 мм тунадас дулааны улиралд унадаг.
 
Хүн ам, нийгэм
Аймгийн төв Дархан хот нь Монгол Улсын томоохон аж үйлдвэрийн төв юм. Дэд бүтэц сайн хөгжсөн, Улаанбаатар-Алтанбулагийн чиглэлийн олон улсын авто зам, Улаанбаатар-Сүхбаатарын олон улсын төмөр замын зангилаан дээр оршдог, төвийн эрчим хүчний системд холбогдсон, өндөр хурдны шилэн кабель, тоон системийн радио релейны шугам, хөдөлгөөнт холбооны үйлчилгээтэй, бусад аймагтай харьцуулбал нийтийн найдвартай, тогтмол хямд тээврийн хэрэгсэлтэй, хүмүүсийн амьдралын өртөг багатай зэрэг давуу талуудтай.
Нийт 91093 хүн амтай, үүнээс 74526 хүн Дархан хотод амьдардаг. Нийт хүн амын 64.5 %-ийг 35 хүртэлх насны залуус эзэлнэ. Аймгийн хэмжээнд 24989 өрх байгаагийн 67.5 хувь нь нийтийн орон сууцанд амьдардаг.
Засаг захиргааны нэгжийн хувьд Дархан, Орхон, Хонгор, Шарын гол гэсэн 4 сум, 24 багтай.
 
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийт 31 төлөөлөгч, 9 тэргүүлэгчтэй. 2008 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Хурлын нийт төлөөлөгчдийн 22 нь МАХН, 9 нь АН-аас тус тус сонгогдсон.  Үйл ажиллагааны чиглэлтэй уялдуулан дараах 4 байнгын хороод ажилладаг. Үүнд:
    Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого, хяналтын
    Аймгийн хөгжлийн бодлого, өмч, төсөв төлөвлөгөөний
    Хот байгуулалт, байгаль орчин, экологийн бодлого , хяналтын
    Хүний хөгжил, нийгмийн бодлого, хамгааллын хороод орно.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь байнгын үйл ажиллагаатай, нутгийн удирдлагын байгууллага бөгөөд нутаг дэвсгэрийнхээ хүрээний асуудлыг бодлогын хэмжээнд тодорхойлдог дээд байгууллага юм.
Иргэд, сонгогчдын ашиг сонирхлыг төлөөлж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу аймгийн нийгэм-эдийн засгийн амьдралын асуудлыг шийдвэрлэдэг.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба 4 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Боловсрол
Аймгийн хэмжээнд 29 Ерөнхий боловсролын сургуульд нийт 19813 сурагч, 17 цэцэрлэгт 4200 хүүхэд хүмүүждэг. ШУТИС, ХААИС, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Анагаах Ухааны Коллеж, Дархан Дээд Сургууль зэрэг улсын болон хувийн 10 их, дээд сургуульд 7447 оюутан, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Дархан Өргөө зэрэг мэргэжил олгох төвүүдэд нийт 2861 оюутан тус тус суралцдаг.
 
Эрүүл мэнд
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн байгууллагын анхны салбар болох Хүний бага эмчийн салбар 1935 онд тухайн үеийн Сэлэнгэ аймгийн Дархан суманд байгуулагджээ.
Одоо тус салбарт 225 их эмч, 524 дунд мэргэжилтэн, нийт 1097 ажилтан, ажиллагсад ажилладаг.
Мөн хэвтэж эмчлүүлэх 365 ортой нэгдсэн эмнэлэг, өрхийн 10, хувийн хэвшлийн 25, эмнэлэг, 22 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна.
Эрүүл мэндийн анхан шатны тусламжийг өрхийн эмнэлгээр үзүүлэх тогтолцоонд бүрэн шилжсэн.
 
Соёл урлаг
Тус аймгийн “Залуучууд” театрын анхны суурийг 1973 оны 12дугаар сарын 29-ны өдөр тавьсан. Өнөөдөр тус театр нь 100 гаруй     ажиллагсадтайгаас     60 хувь нь уран бүтээлчид байна.
Аймгийн “Найрамдал” музей нь анх 1970 оны дөрөвдүгээр сарын 22-нд байгуулагдсан ба өнөөдөр Түүхийн, Угсаатны зүйн, Үзэсгэлэнгийн, Байгалийн танхим гэсэн 4 үндсэн танхимтай . Биет зүйлс, түүхэн баримт бичиг, гэрэл зураг, хөрөг зураг, сийлбэр, баримал, хөөмөл, зээгт наамал зэрэг үзмэрийн бүх төрлийг хамарсан үндсэн сан хөмрөг болох 1500 гаруй нэгж цуглуулгатай үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Спорт
Дархан-Уул аймгийн Биеийн Тамир, Спортын Газар нь анх “Дархан нийгэмлэгийн зөвлөл” нэртэйгээр 1966 онд байгуулагдсан түүхтэй. Одоо Дархан-Уул аймгийн Биеийн Тамир, Спортын Газар нь нийт 20 гаруй ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус газар нь ОХУ-ын Улаан-Үд, Чита, Иркутск, БНСУ-ын Жүдо бөхийн холбоо, Японы Үндэсний Олимпийн Академи, Япон улсын Ибараки муж, Туркийн Стамбул хотын спортын хороодтой хамтран ажилладаг ба спортын 29 холбоо байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнөөдрийн байдлаар:
Х.Цагаанбаатар – Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, 2004 оны Афины Олимпийн тоглолтоос жүдо бөхийн төрөлд хүрэл медаль, 2009 оны Голланд улсын Роттердам хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Жү-до бөхийн дэлхийн аварга, 2009 онд Грек улсын Салоник хотноо болсон Самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой алтан медаль,
Т.Даваахуяг – 2007 онд Чөлөөт бөхийн Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж “Дэлхийн залуучуудын аварга”,
Г.Хэрлэн – 2008 онд жүдо бөхийн Ази тивийн Өсвөр үеийн Аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2009 оны Болгар улсад болсон самбо бөхийн Өсвөр үеийнхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль тус тус хүртэж дэлхийн аварга болсон нь аймаг, хотын төдийгүй улсынхаа нэрийг тив дэлхийд өргөсөн алдартнууд олон байдгийг харуулж байна.
 
Аж үйлдвэр
Дархан-Уул аймаг нь анх Монгол Улсын барилгын түүхий эд, материалаар хангах зорилгоор аж үйлдвэрийн бааз хотын статустай байгуулагдсан.     Манай аймаг хар төмөрлөгийн үйлдвэр, тоосго, бетон, цементийн болон хүнсний төрөл бүрийн үйлдвэрлэл, мах боловсруулах, ургамлын тос боловсруулах үйлдвэр зэрэг голлох үйлдвэрүүдтэй.
Үүнд: “Дарханы Дулааны Цахилгаан Станц”, “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр”, “Дархан Нэхий” компани, “Эрэл цемент” зэрэг томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Хөдөө аж ахуй
Дархан-Уул аймгийн нийт газар нутгийн 70.7 хувь буюу 231.7 мянган га талбайг ХАА-н     эдэлбэр газар эзэлдэг бөгөөд үүний 81.5 хувь буюу 188.5 мянган га газар нь бэлчээр, 3.9 хувь буюу 9.1 мянган га талбай нь хадлан, 13.9 хувь буюу 33.3 мянган га газар нь тариалангийн зориулалттай.
Тус аймаг нь Монгол Улсын газар тариалангийн төв бүсэд оршдог. Нийт 345.3 мянган толгой малтай.
Аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь хүн амын мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээний 90 орчим хувь, гурилын 100 хувь, төмс, хүнсний ногооны хэрэгцээний 100 хувийг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа стратегийн чухал ач холбогдол бүхий салбар юм.
Өнөөдөр Дархан-Уул аймагт хүнсний боловсруулах 90 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийтдээ 750 гаруй ажилтан ажиллаж байна.
 
Гадаад харилцаа
Дархан-Уул аймаг нь Зүүн хойд Азийн нутгийн Засаг захиргааны байгууллагын холбоо, Дэлхийн Эрүүл хотуудын холбоо зэрэг бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын гишүүн.
ОХУ-ын Буриад улсын Улаан-Үүд, АНУ-ын Техас мужийн Өирвинг хоттой ах дүү, эгч дүү хотуудын харилцаатай, Герман улсын Цайц, Унгарын Капошвар, Данийн Хиллеройд, Канадын Режина, БНХАУ-ын Жежань муж, БНАСАУ-ын Хванхэ мужтай тус тус шууд харилцаат, найрамдалт хамтын ажиллагаатай ажиллаж байна.
Манай аймагт Японы ЖАЙКА, Солонгосын КОЙКА, Дэлхийн Зөн ОУБ, СОС Хүүхдийн хотхон, БНАСАУ-ын Тоогий Хоспис эмнэлэг, хүмүүнлэгийн Хабитат зэрэг олон улсын байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.
Өнөөдөр Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага 21 байна. Мөн дэлхийн 15 орны 400 гаруй гадаадын иргэд тус аймагт байнга болон түр хугацаагаар ажиллаж амьдарч байна.
 
Амралт чөлөөт цаг, аялал жуулчлал
Амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх түүх соёлын дурсгалт газрууд, амралтын газар тус аймгийн нутагт олон байдаг. Тухайлбал: Дархан уул, Буурал уул, Мөөл уул / одоогийн Мойлын ам /, Ноён Хонгор, Хатан уул, 300 тайчуудыг дарсан домогт газар, Орхон голын хөвөөн дэх Эртний хотын туурь, Зочин хад, Бичигт хад, Дүрс нарс, Харууцтай, Хонгор сумын нутагт байрлах Зулзагын голын амралт, Дардай, Шарын Цагаан нуур гэх мэт байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газруудыг нэрлэж болно.
 
Бидний бахархал
 

  •     2006 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын хотуудын холбооноос Дархан хотод “Эрүүл хот” өргөмжлөл, “Цэвэр хот” батламж,
  •    2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн улсын комиссоос манай аймгийн “Морин хуур” цогцолборт “Орон нутгийн хамгийн сайн санаачилга” өргөмжлөл, “Алтан гэрэгэ”,
  •     Монголын архитекторуудын эвлэлээс “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-д “Шилдэг байгууламж” өргөмжлөл,
  •     Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамнаас “Хүнсний ногоо тариаланч шилдэг аймаг” өргөмжлөл тус тус хүртээснээс гадна
  •     2007, 2008 онуудад Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Монголын Барилгачдын холбооноос хоёр жил дараалан Дархан хотыг “Их бүтээн байгуулалтыг өрнүүлсэн хот”-оор өргөмжилсөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж