Иргэнд суурилсан хөгжлийн яриа үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Иргэнд суурилсан хөгжлийн яриа үргэлжилнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ийм нэгэн сонирхолтой хэлэлцүүлгийг Ардчилсан намын залуусын “Нэг ардчилал” клубээс зохион байгуулав. Өмнө нь бид уул уурхайд, өндөр технологид, боловсролд суурилсан хөгжлийн тухай л ярьж байснаас биш энэ хөгжил “иргэнд суурилсан байх” тухай нэг их ярьж байгаагүй. Энэ утгаараа шинэ зүйл байж магадгүй.

    Саяхан болж өнгөрсөн байнгын ажиллагаатай парламент бий болсны 20 жилийн ойн хүндэтгэлийн чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн энэ “хүнээ тойрсон, иргэндээ зориулсан бодлого, хөгжлийн тухай” сануулсан. “Нэг ардчилал” клубынхны яриаг ч бас түүний үргэлжлэл гэж хэлж болох юм. Ардчилсан залуусын зохион байгуулсан энэ уулзалт дээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Иргэнд суурилсан хөгжлийн бодлого: Засаг даргаас захирагч руу, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс Засаг захиргаа хот тосгоны нэгж рүү" сэдвээр илтгэл тавилаа. Тодруулбал, социализмын үеийн нэгдэлжих хөдөлгөөнд суурилсан засаг захиргааны нэгжийн зохион байгуулалт нь өнөөдөр хөгжилд хэрхэн саад болж байгааг, үүнийг иргэншлийн түлхүүр болсон хот суурингийн менежментэд шилжүүлэх замаар хүндээ ээлтэй, эдийн засгийн өсөлттэй зохион байгуулалтад хэрхэн шилжих талаар ярив.

    Харин УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр эдийн засгийн салбарт иргэнд суурилсан хөгжлийн бодлого хэрэгжүүлэхийн тулд бизнесийн үйл ажиллагаанд төрөөс зөвшөөрөл олгодог тогтолцоог бүртгэдэг тогтолцоо болгон өөрчлөх, тэрхүү бүртгэлийн 50 хувийг иргэний нийгмийн байгууллагуудаар хийлгэдэг болох, энэ бүхнийг энэ ондоо багтаан хийх хэрэгтэй тухай, мөн иргэддээ “Эрдэнийн хувь”-ийг олгох, жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн баталгааны сан бүрдүүлэх зэргээр иргэдээ эдийн засгийн хувьд хөгжиж дэвжихэд нь төр бодлогоор тэтгэх саналыг дэвшүүлж байна. Ерөнхийлөгчийн Хүний эрхийн бодлогын зөвлөх Д.Сосормаа ардчилалын сул талыг нөхөж, хүч нэмж байдаг иргэний нийгмийг дэмжихийн тулд иргэний нийгмийн байгууллагуудыг хувь хүний орлогын татварын 1 хувиар дэмжих бодлого нь иргэнд суурилсан хөгжлийн тухай ярианы салшгүй хэсэг байх ёстой гэсэн саналыг дэвшүүлж байлаа. Бидний ХАОАТ-т өгч байгаа цалингийн 10 хувийн орлогоос нэг хувийг нь иргэний нийгмийн байгууллагуудыг санхүүжүүлэхэд зарцуулдаг болно гэсэн үг. Энэ тухай хуулийн төсөл ч УИХ-ын түвшинд яригдаад эхэлчихсэн гэсэн.

    Мөн “Нэг ардчилал” клубын гишүүн, Ерөнхийлөгчийн туслах Г.Эрдэнэбат иргэнд суурилсан хөгжлийг хангахын тулд төрийн албыг иргэнд үйлчлэх алба болгох, төрд төвлөрсөн эрх мэдлийг иргэнд эрх чөлөө болгон шилжүүлэх, мэргэжлийн байгууллагуудын тогтолцоог дэмжих замаар төрийн ажлыг иргэний санаачлагын ажил болгож хувиргах замаар иргэнээ тойрсон төрийн тогтолцоотой болох арга замыг эрэлхийлж байна. Тэр “УИХ-ын чуулганы танхимын баруун жигүүрийн парламентчдын хувьд хууль зүгээр л нийгмийн харилцааг зохицуулах төрийн байгууллагын сонирхлыг хангах хэрэгсэл биш, харин хүний эрхийг хангахын тулд төрийн байгууллага юу хийх ёстойг зааж өгөх ёстой” гэдгийг онцлов.

    Ерөнхийлөгчийг хүндэтгэлийн чуулганд үг хэлсний дараа түүнийг тойрсон шүүмжлэлүүд ихэнхдээ Ардчилсан нам руу чиглэж байсан. Учир нь ардчилал, хүний эрх, иргэдийн эдийн засгийн эрх чөлөө гэх мэт сэдвүүдийг олонхи хүн Ардчилсан намтай хамааруулж ойлгодог. Тиймээс ч энэ бүхэн хомсдоод, үгүйлэгдээд ирэхийн цагт “Ардчилсан нам ажлаа муу хийв” хэмээн бухимддаг билээ. Тэгвэл Ардчилсан намын залуус ах нараасаа өрсөж энэ сэдвийг анхааралдаа авлаа. Харин намынхан нь тэдний энэ санаачилгыг хэрхэн дэмжиж өгөх бол.

    Б.ЗАЯА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж