УИХ-ын гишүүд хүүхдийн мөнгөөр “өлсөж” эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд хүүхдийн мөнгөөр “өлсөж” эхлэв

2004-2008 оны парламент Монгол Улсын хөгжлийн сангийн тухай хуулийг баталж, 2006 оноос энэ сангаас хүүхдийн мөнгө буюу сар тутмын 3000, улирлын 25 мянган төгрөгийг 0-18 насны хүүхдүүдэд олгож эхэлсэн. Харин 2008 онд шинээр сонгогдсон парламент иргэн бүрт бэлэн мөнгө өгөх амлалтдаа хөтлөгдөн хүүхдийн мөнгөний олголтыг зогсоож, үүний оронд Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг шинээр баталсан билээ. Эхний ээлжинд Оюутолгойн ордын урьдчилгаа төлбөрөөс  Хүний хөгжлийн санд байршуулан иргэн бүрт жилд 120 мянган төгрөг өгөхөөр болж, сар шиний өмнө 0-18 насны хүүхдүүд болон ахмад настнуудад 70 мянган төгрөг олгосон. Гэвч иргэд өмнөх жилүүдэд авч ирсэн хүүхдийн мөнгөө нэхсээр байгаа. Саяхан нийслэлийн засаг захиргааны анхан шатны нэгжүүдэд ажилласан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл иргэдтэй хийсэн уулзалтынхаа дараа сэтгүүлчдэд “Хүүхдийн мөнгийг зогсоосон нь эртэдсэн алхам болжээ” хэмээн амаа барьсан байсан. Гэтэл чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллаад ирсэн УИХ-ын гишүүн Н.Батбаяр ч мөн адил ийм үг унагав. Тэр архангай аймгийн 17 сумын 54 багаар явахад хөдөөгийнхөн бас л түүнээс хүүхдийн мөнгөө нэхсэн аж. Тэд Н.Батбаяр гишүүнд хүүхдийн мөнгийг дахин олгох тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барих үүрэг өгсөн байна. Уг нь анх хүүхдийн мөнгийг иргэн бүрийн хувь хишгээр солих тухай асуудал яригдаж эхлэхэд л хэвлэл мэдээллийнхэн ч, олон нийт ч “Энэ чинь буруу алхам шүү. Халамжийн мөнгийг хавтгайруулж биш, хүртэх ёстой хэсэгт нь өгөх ёстой” гэж хэлсээр байсан манай төрийн түшээд “нохой хуцсан” чинээ тоож сонсоогүй. Гэтэл одоо хуулиа батлаад, хэрэгжүүлээд эхэлчихсэн хойноо бүгд л сэм халаглах болов. Ниргэсэн хойно нь хашгирдаг нь манай л улстөрчдийн гэм биш зан юм даа.
Б.ЗАЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж