
Грекийн Порто Каррас хотноо аравдугаар сарын 20-30-ны өдрүүдэд болсон шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, охидын 10 насны ангилалд аваргын алтан медаль хүртсэн Д.Номин-Эрдэнэ өнөөдөр өглөө эх орондоо ирлээ. Энэ жилийн өсвөрийн дэлхийн аваргад манай улсаас 14 шатарчин оролцсон бөгөөд Д.Номин-Эрдэнийн тоглосон охидын 10 насны ангилалд 107 хүүхэд өрсөлдсөнөөс манай шатарчин чансаагаараа тавдугаарт эрэмбэлэгдээд байсан юм. Ингээд Д.Номин-Эрдэнэ 11 өргийн дараах байдлаар есөн оноотойгоор тэмцээнийг тэргүүлж, өөрийн ангилалд аварга болсон билээ.
Д.Номин-Эрдэнийн хувьд энэ жилийн долдугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо болсон Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний охидын 10 насны ангилалд Ази тивийн аварга болж байсан юм.
Д.Номин-Эрдэнийг өнөөдөр 14.00 цагаас Монголын Шатрын холбооны тэргүүн С.Энхцаг хүлээн авч, уулзах ажээ.
С.Цэлмэг