Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цагаас Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн наймдугаар зүйл Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн авах эсэх талаар хэлэлцэнэ. Цэц Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцээд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн 05 дугаар дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтийн үндэслэлд: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг баталгаажуулсан байх бөгөөд уг зүйлийн 3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болно” гэж заасны дагуу ажилгүйдлийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн хэмжээг хасах нөхцөлийг тогтоох нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал байна.” гээд “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд даатгуулагчид олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжээс ажлын З6 өдөрт оногдохыг нь хасахаар заасан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна.” гэсэн аж.

    Мөн чуулганы хуралдаанаар Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх аж.

    Хуралдааны төгсгөлд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөгджээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж