
Бүтэн гурван сарын туршид жолоочгүй ачааны машин ширүүн бороо, цасан шуурга, хурц нар гээд цаг агаарын олон нөхцөлд зогсолтгүй урагшилсаар бэрхшээлийг даван туулж, Шанхайд хүрэлцэн иржээ. Харин энэ хугацаанд машинд ямар нэг гэмтэл гараагүй аж. Уг төсөл дээр хамтран ажилласан судлаач Альберто Брогги “Бид үнэхээр баяртай байгаа. Тээврийн роботын салбарт энэ бол үнэхээр сод амжилт” хэмээсэн байна. Өөрийгөө удирдан явах чадвартай жолоочгүй “авто робот”-ыг Италийн Vislab компани бүтээсэн бөгөөд сайн чанарын 12 ширхэг камер бүхий мэдрэгч, GPS буюу дэлхийн байрлал тогтоох систем бүхий төхөөрөмжтэйгээс гадна авто замыг байнга тольдож байх лазер сканнертай аж.
“Хятад хүртэл жолоочгүй аялал хийсэн нь шинжлэх ухаан хүн төрөлхтний бодол санаа, тэмүүллийг хэрхэн бодит болгож чаддагийг нотолсон бас нэгэн тод жишээ юм” хэмээн судалгааны багийн тэргүүн сэтгэл хангалуунаар мэдэгдсэн байна.
Дэлхийн түүхэнд шинэ рекорд тогтоогоод буй энэ аялал жолоочгүй тээврийн технологийн салбарт үнэлэхүйц дэвшилт гаргасан явдал юм.
Энэ сарын эхээр алдарт Google компани өөрөө явдаг, жолоочгүй машин туршиж буй тухайгаа мэдэгдсэн. Google-ийн уг бүтээл нь Маунтен Вью дэх компанийн төв байраас Санта Моника хүртэл Калифорнийн гудамжаар 600 орчим км зам туулж, энэ салбарт бас нэг амжилт олоод буй. Түүнчлэн дэлхийн авто салбарт тэргүүлэгч General Motors, Volkswagen компани болон Стэнфордын их сургуулийн эрдэмтэд өөрөө явдаг, жолоочгүй автомашиныг туршиж эхлээд байна.
Харин Vislab компанийн бүтээсэн жолоочгүй автомашины аялалд газрын зураг огт ашиглаагүйгээс гадна Сибирь болон Хятадын нутгийг туулахдаа хэсэг газрыг авто замаас гадуур туулж өнгөрүүлсэн гэнэ. Машины дээд хурд цагт 60 км байсан ба баттерейг ханатал цэнэглэхийн тулд өдөрт дөрвөн цаг орчим хугацаанд зам туулж байжээ.
Бүтэн гурван сарын хугацаанд үргэлжилсэн аяллын явцад мэдээж хүний оролцоо байсан. Ингэхдээ зөвхөн шаардлагатай гэж үзсэн онцгой тохиолдолд мэргэжлийн хүмүүс ажилласан байна. Энэ талаар Италийн Пармагийн их сургуулийн профессор ноён Брогги “Зарим нэг зайлшгүй шаардлагатай тохиолдолд, тухайлбал Москва хотын замын түгжрэл, зам гүүрийн татвар хураах цэгүүд дээр хүний оролцоо хэрэгтэй байлаа” хэмээн ярьжээ.
Болзошгүй аюулаас сэргийлэх, хамгаалах зорилгоор ачааны машин дотор хоёр инженер сууж явсан гэнэ. Нийт дөрвөн машин цуваагаар Европ тивээс Ази хүртэл аялсан бөгөөд хамгийн урд талын машиныг зарим үед хоёр инженер удирдан жолоодож байв. Гэхдээ ихэнх тохиолдолд зөвхөн хүний заавраар машинууд туулах замаа хороож байжээ. Италиас Орос, Оросоос Хятад хүртэлх урт удаан замын туршид жолоочгүй автомашин энгийн зорчигч, жолооч төдийгүй цагдаа нарыг нэг бус алмайруулсан гэнэ. Жишээлэхэд, есдүгээр сарын 10-нд Москва хотод жолоочгүй ачааны машин явган хүний зам дээрээс хөдлөх үед цагдаагийн офицер машинд ойртож ирсэн аж. Гол нь тэр цагдаа хөдөлж буй машины жолоочийг хайж ирсэн гэнэ. “Жолооч байхгүй байна гээд их гайхсан байсан. Ойр хавиа хариад, яг юу болоод байгаа учрыг нь олох гэж хэсэг гайхсан. Үнэхээр цочирдсон харагдсан шүү” хэмээн ачааны машины инженер ярьжээ. Харин ноён Брогги “Бид тэр цагдаатай ярилцсан. Маш том туршилтын ажил хэрэгжиж байгааг тайлбарласан юм. Учраа ололцох гэж хэсэг будилсан. Эцэст нь нэг юм торгуулиас мултарч чадсан” хэмээжээ.
Аяллын туршид тохиолдсон бас нэгэн бэрхшээл нь Москвад 430 кг жинтэй баттерейг солих явдал байсан гэнэ. Түүнчлэн улсын хил давах үед гаалийн шалгалт гээд ээдрээтэй асуудал нэг бус тохиосноос гадна Сибирийн хүйтэн шөнийг тэсч өнгөрүүлэх гэдэг бэрх даваа байжээ. Гэхдээ л ноён Брогги “Бид огтхон ч харамсаагүй. Энэ аялал урт хугацаанд үргэлжилсэн том шалгуур байлаа. Харин бид 2012 онд үүнээс ч илүүг төлөвлөж байгаа” гэсэн байна.
Авто замын аюулгүй байдлыг хангах, жолооны ард жолоочийг орлох боломжийг нээх, мөн түлш зарцуулалтыг хэмнэх зэрэгт чиглэсэн шинэ технологийг нээн хөгжүүлэх зорилгоор Европын судалгааны зөвлөлөөс дээрх аяллыг санхүүжүүлсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр жил бүр 1,2 сая хүн авто ослоор амь насаа алдаж, 500 сая хүн тахир татуу болж байна. Үүний дотор манай улсад зам тээврийн ослоор жилд 530 хүн нас барж байна гэсэн судалгаа бий. Үүнийг 360 хоногт хувааж үзвэл өдөр бүр 1-2 хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна гэсэн үг. Автын осол гэмтэл нь Монголын нийт хүн амын нас баралтын гурав дахь том шалтгаан болж байна. Улсын хэмжээнд 2008 онд 622 зам тээврийн осол бүртгэгдсэн. Харин 2009 онд энэ тоо 564 болж буурч, 9,3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч насанд хүрээгүй хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдах нь өсчээ. 2008 онд 31 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдсан бол 2009 онд 36 болж, 16,1 хувиар өссөн байна.
С.Цэлмэг