
Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хориг тавьсан үндэслэлээ их, дээд сургуульд суралцаж байгаа оюутны сургалтын тэтгэлгийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлээгүй цагт төрийн тэргүүний цалинг нэмэгдүүлэх нь учир дутагдалтай хэмээн үзсэн байсан юм. Хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Мөн оюутнуудад сургалтын тэтгэлэг олгоход хэдий хэмжээний хөрөнгө төсөвт суулгах шаардлагатай, хэдэн оюутан хамруулахаар төсөл боловсруулсан тухай ч гишүүдэд тайлбар өглөө. Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан энэхүү хуулийн төсөлд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 120 мянган оюутныг хамруулахаар заажээ. Сард нэг оюутанд 58 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. Үүнд нийт 115 тэрбум төгрөг зарцуулагдах аж.
Байнгын хорооны гишүүдийн хувьд энэхүү оюутанд олгох тэтгэлгийн асуудлаас илүүтэй, Ерөнхийлөгчийн хоригт шүүмжлэлтэй хандлаа. УИХ-ын гишүүн С.Батболдын хэлснээр бол Ерөнхийлөгч жижиг улстөр хийж буй юм байх. Түүний хувьд Монголын төрд хүчин зүтгэж байгаагийн хувьд цалингийнхаа нэмэгдлийг авах хүсэлтэй. Эхнэр хүүхдээ тэжээхэд нэмэр болно. Ер нь ч төрд зүтгэж байгаа хүмүүсээс гадна эмч, багш гээд төрийн албанд харьяалагддаг хүн бүхэн цалингаа нэмүүлэх сонирхолтой. Нөгөө талаасаа оюутнуудад тэтгэлэг олгохдоо асуудлыг бас наанатай, цаанатай авч үзэх. Улсын хэмжээнд 160 орчим их, дээд сургууль, коллежид 160 мянга орчим оюутан суралцдаг. Тэднээс хэд нь жинхэнэ сурч мэдэхийн төлөө явж байгаа вэ гэдгийг хэмжүүр болгох. Амьдралын боломж тааруу хэрнээ сурлага сайтай, суралцах идэвх сонирхолтой оюутанд л тэтгэлэг олгодог бол гэхээс биш, зүгээр нэг дээд боловсролын диплом өвөртлөх сонирхолтой хэсгийг төр ингэж сар тутамд 58 мянган төгрөгөөр “угжих” нь утгагүй. Засгийн газрын зүгээс ч дээд боловсролын сургалтын чанарыг сайжруулах зорилгоор тодорхой хөтөлбөр боловсруулаад явж буй. Тэр бүгдтэй энэхүү Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл уялдах учиртай. Жүжгийн тайзан дээр тоглосоор залхлаа” гэв.
Харин УИХ-ын гишүүн Д.Энхбат “Засгийн газраас цалин нэмээд байдаг, иргэд нь ядуураад л байдаг. Ерөнхийлөгчийн хувьд эвгүй байдалд ороод арга буюу ийм шийдвэр гаргасан болов уу. Ардчилсан намын бүлэг цалингаасаа татгалзсан. МАХН-ын бүлэг ч бас татгалзах биз. Эцсийн дүндээ УИХ-ын гишүүн З.Алтай, С.Оюун бид гурав л цалингийнхаа нэмэгдлээс татгалзаагүй болж, хэрэгт унах нь л дээ. Энэ чинь юуг харуулаад байна вэ гэхээр нийгэм, эдийн засгийн бодлого буруу болохыг нотлоод байна. Алийн болгон ингэж биенээ хуурах юм бэ, болъё л доо” гэв.
Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Г.Баярсайхан нар орж ирсэн ч, эл асуудлыг хэлэлцэх болуут гарч явсан юм. Ингэснээр өмнөх өдрийнхөө бүлгийн хуралдаанаас гаргасан “Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан” гэх байр суурийг нээлттэй үлдээсэн бололтой.
Байнгын хорооны хуралдаанд 11 гишүүн оролцож, 100 хувийн саналаар “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломгүй” гэж үзлээ.