Сайншандаас сайхан ирээдүй хүлээх үү?

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Сайншандаас сайхан ирээдүй хүлээх үү?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сайншандад боловсруулах парк байгуулахад 8.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа ч Хятадууд хилийн цаахнатай яг ийм аж үйлдвэрийн паркийг 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулахаар шамдаж байна.

    Өмнөговь аймгийн Баян-Овоо, Хүр­мэн сумдад хилийн боомт нээх хүсэл­тийг Хятадын талаас манайд тавиад байгаа аж. Монголын өмнөд говьд байх нүүрс болон бусад ашигт малтмалын түүхий эдэд тулгуурласан боловсруулах аж үйлдвэрүүд шинээр бай­гуулах, дэд бүтэц бий болгох ажилд Хятадын Засгийн газар анхаар­лаа хандуулаад байгаагийн нэг илрэл нь дээрх хүсэлт юм.

    Бүтээн байгуулалт нь хэдийнэ эхэл­сэн Ганцмодны боловсруулах пар­каа түүхий эдээр тасралтгүй хан­гаж байх бодлогод хилийн боом­тынхоо тоог нэмэх нь Хятадын талд тун чухал гэдэг нь ойлгомжтой би­лээ. Ганцмодны боловсруулах аж үйлд­вэрийн парк гэдэг нь Монголын хи­лийн ойролцоо байх томоохон цог­цолбор, гадаадын хөрөнгө оруулалт, татварын хөнгөлөлт бүхий эдийн засгийн чөлөөт бүс болох учиртай, одоогоор дөнгөж эхэлж буй төсөл юм.

     Уг нь Өмнөговийн Таван­тол­гойн коксжих нүүрсний ор­доо түшиглэн монголчууд Сайн­­шандад боловсруулах үйлд­­­­­­­­­вэр байгуулж, нэмүү өр­төг шингэсэн бүтээгдэхүүн үйлд­­­­вэрлэх төрийн бодлого боловс­руулаад байгаа ч энэ нь амжилттай болох эсэх нь улам эргэлзээтэй болжээ. Зас­­гийн газар Сайншандад боловс­руулах аж үйлдвэрийн цогцолбор парк байгуулахад 8.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа ч Хятадууд хилийн цаахнатай яг ийм аж үйлдвэрийн паркийг 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруу­лалтаар байгуулахаар шам­­даж байна. Монголчуудын төсөөлж байгаа Сайншандын цогцолбороос хэдэн арав да­хин хүчин чадалтай, татвар бо­лон хөрөнгө оруулалтын хөн­гөлөлттэй эдийн засгийн чөлөөт бүсийг Хятадууд бай­гуулах тохиолдолд эцсийн бүтээг­дэхүүн нь өрсөлдөх чадва­раараа Монголынхыг хол илүү хаяхаар байна.

    Монгол Улсын төмөр за­мын нэгдсэн сүлжээнд хол­­бог­­­д­­­сон Сайншанд хүр­тэл Тавантолгойн ордоос 400 км төмөр зам тавьж, 800мВт-ын хүчин чадалтай цахил­­гаан станц барина гэж төлөвлөж байгаа Сайншандын боловсруулах паркийн зураг төсөл Хятадын Ганцмодны боловс­­руулах паркийн дэд бүтцийн дэргэд “тоглоом” шиг харагдах юм байна. Ганцмодны аж үйлдвэрийн паркийг 2011 он гэхэд Хятадын төмөр замын сүлжээнд холбох, Бугат хотын Вань Чуй Цюаний цахилгаан төмөр замыг цөмийн эрчим хүчний эх үүсвэрт холбох ажлыг Хятадын “Шэнхуа” групп гүйцэтгэж байгаа аж. Мөн тэнд 500мВт-ын нэг цахил­гаан станц барих ба мөн Монгол руу цахилгаан дамжуулах шугам бүхий 110 мВт-ын станцыг барьж дуус­чээ. Салхин эрчим хүчний 10 тэрбум ваттын станц болон 2.75 тэрбум ваттын цахилгаан станц барихаар төлөвлөснөөс 800 мянган ваттын цахилгаан үүсгүүрийг угсарсан гэх мэдээлэл байна.

    Сайншандын аж үйлдвэ­рийн парк байгуулагдсанаар зэс хайлуулах үйлдвэрт жилдээ 300 мянган тонн катодын зэс гаргах бол Ганцмодны боловсруулах үйлдвэр жилд 3 сая тонн зэсийн хүдэр бая­жуулна. Сайншандад төм­рийн үйлдвэрлэлийн хэмжээ жилд 2.5 сая тонн байх бол Ганцмодны төмрийн үйлд­вэрлэлийн хэмжээ жилд 10 сая тонн байх аж.

    Энэхүү хөрөнгө оруулал­тын хэмжээ, хүчин чадал, эц­сийн дүндээ өрсөлдөх чад­ва­раар Сайншандын боловс­руулах аж үйлдвэрийн пар­каас хэдэн арав дахин том Ганц­модны байгууламж бол өмнөд хөршийн төрийн бод­лого юм. Тэгвэл Монголын төрийн бодлогын төвд байгаа Таван­толгой ч, жилийн өмнө баталсан Сайншандын аж үйлдвэрийн паркийн төсөл ч “тоглоом” болж хувирав уу?

    Засгийн газрын зорьж байгаа нүүрсээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээг­дэхүүн гаргаснаар илүү ашиг олно, олон зуун ажлын байр бий болж, монголчууд өндөр цалин хөлс хүртэнэ гэх зэрэг мөрөөд­лүүд одоо хаачих бол? Тавантолгойн ордыг Сайн­шандтай төмөр замаар холбох, цаашлаад ОХУ-аар дамжуулан нүүрсээ далайн боомтууд хүр­гэж, гуравдагч зах зээл дээр гаргана гэсэн төрийн бодлого одоо яах бол?

    Тавантолгойн ордын нөөц бүхий талбайн дөрвөн хувь болох Ухаахудагт тулгуурлан “Mongolian Mining Corporation” саяхан Хонгконгийн хөрөн­­­гийн бирж дээр хувьцаа гар­гаж, нийт хувьцааныхаа 20 гаруй хувиас 650 сая ам.доллар босгосон. Хувьцаа гар­гахын өмнө JP Morgan, Citi Bank, Winsvay зэрэг дэлхийн шилдгүүдээр компанийн зах зээлийн үнэлгээ, төслийн үндэслэлийг хийлгэсэн аж. Winsvay группийн хийсэн үнэл­­­гээнд Тавантолгойг тү­шиг­лэн боловсруулах үйлд­­­­­­­­­­­­­­вэр байгуулах боломж Мон­­­­голд хомс, цаг агаар таа­лам­жгүй, эрс тэс, хүйтэн уур амьсгалтай, усны нөөц хомс гэж дурджээ. Мөн “Mongolian Mining Corporation” хувьцаанаасаа босгох 650 сая ам.долларын 280 сая орчмыг Хятад руу нарийн царигтай төмөр зам тавихад, 230 сая ам.долларыг шинээр лиценз худал­дан авахад зарцуулах төлөв­лөгөөтэй гэдгийг  JP Morgan болон Citi Bank-ний хийсэн тайланд дурдсан байв. Эдгээр баримтаас харахад Тавантолгойн нүүрс Хятад руу гарах нь тодорхой төдийгүй бүх давуу нөхцөл тэнд хэдийнэ бүрдчихсэн бололтой.

    Хонгконгийн бирж дээр “Mongolian Mining Cor­po­ration-ий хийсэн IPO амжилт­тай болсон нь Мон­голын төр хувийн хэвш­лээ хэр дэмжиж байгааг капиталист ертөнцөд харуулах нэг хэмжүүр болсон гэж тус корпорацийнхан хэв­лэлд өгсөн мэдээлэлдээ дур­дсан байсан. Үнэхээр ч Мон­голын үндэсний компани олон улсын зах зээл дээр гарлаа гэж олонх маань баярлаж буй ч үнэндээ ард нь ард түмэн биш цөөн хэдэн гэр бүл багтаж байгааг анзаарах хэрэгтэй л болов уу. Учир нь “Mongolian Mining Corporation”-ийн 43.1 хувийг MCS, 2.3 хувийг MCS Холдинг, 29 хувийг “Тэнгэрийн цаг”, 14.1 хувийг “Петровис”, 6.1 хувийг “Шунхлай май­нинг” компаниуд тус тус эзэмшдэг юм байна. Эд­гээ­­рийн ард нэр бүхий улс­төрч­дийн ашиг сонирхол орш­дог гэдгийг гадарлах хүн бишгүй бий. Энэ удаад тэд зах зээл дээрээс мөнгө бос­гож чадлаа. Тэдэнд одоо банк царайчлах шаардлага үгүй болсон. Хятад руу төмөр замаа ч тавих байх, лицензүүд ч авах байх. Тэр тусмаа Тавантолгойн орд дээр нэмж лиценз авах болов уу. УИХ-ын хэлэлцүүлгийн төвшинд яваа ирэх оны төсвийн төсөлд төрийн өмчит “Эрдэнэс Таван­­­­­­­­­­­­толгой”-н хөрөнгө оруу­лагч­даас урьдчилгаанд 230 сая ам.доллар авч, иргэдэд бэлэн мөнгө тараах тухай санал хав­чуулагдсан байгаа нь санам­саргүй зүйл биш байж таарна.
    Ингэхэд төрийн өмчид байгаа Тавантолгойн нөө­цөөс ард түмэн, иргэд юу хожиж үлдэх юм бол? Тавантолгойн орд, Сайн­шан­дын боловсруулах парк гээд иргэдэд итгэл, найд­вар төрүүлсэн их бүтээн байгуулалтын төслүүдээс ирээ­дүй хүлээж болох уу гэд­гийг Засгийн газрын тэргүү­нээс асуумаар байна.

    А.Чандмань

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж