Орон сууц барьцаалсан зээлээр иргэдийг орох оронгүй болгов

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Орон сууц барьцаалсан зээлээр иргэдийг орох оронгүй болгов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Орон сууц барьцаалан сарын 15 хувийн хүүтэй зээл олгодог “Дардас” ломбард 1997 онд байгуулагдаж, түүнээс хойш идэвхитэй үйл ажиллагаа явуулж байж. Тухайн үедээ  олон зуун иргэд “Дардас” ломбардад байраа барьцаалж 1-3 сая төгрөг зээлсэн байна. Гэвч тэдгээр иргэдийн олонх нь байраа хураалгаж, орох оронгүй  үлджээ. Тодруулбал 1998 оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэлх 10 сарын хугацаанд 46 иргэний 1-3 өрөө байрыг барьцаалж зээл олгосон аж. Хамгийн гол нь дээрх 46 иргэн бүгд байраа зээлэндээ хураалгаж, толгой хорогдох газаргүй болоод хоцорсон байна. Тэдний нэг болох Э.Авирмэд  1998 оны гуравдугаар сард гурван өрөө байраа барьцаалж нэг сарын хугацаатай  хоёр сая төгрөгийн зээл авчээ. Гэтэл урьдчилж мэдэгдэлгүй зээлсэн хоёр сая төгрөгнийх нь оронд гурван өрөө байрыг нь хураачихжээ. Тэр өдрөөс л иргэн Э.Авирмэд гурван өрөө байраа эргүүлэн авах гэж холбогдох хууль хяналтын бүхий л байгууллагаар С.Мандах-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Дардас” ломбардыг шалгуулахад  хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, орон сууц барьцаалж зээл олгох эрхгүй  мөртлөө олон иргэнийг хохироосон болох нь  тогтоогджээ. Тухайлбал   компаний эд хөрөнгө, барьцаалан зээлдүүлэх хүү зэргийг  хувийн нотариатчин Л.Цэцэгмаа баталгаажуулж, олон хүн хохироох эх үндсийг тавьсан  байна. Үүгээр ч зогсохгүй “Дардас” ломбардыг байгуулахаасаа өмнө 1996 онд “Санчир” нарийн боовны үйлдвэр  нээж, үйлдвэрийнхээ хөрөнгө дээр “Дардас” ломбард,  2002 онд “Дардас кредит” хадгаламж зээлийн хоршоог  мөн  буруу замаар будаа тээж байгуулсан болохыг тогтоожээ.

    Мерседес бенз 500 СЕ маркын  автомашин бүртгэлгүй  аж

    Компаний эд хөрөнгийн жагсаалтад Мерседес бенз 500 СЕ маркын  УБ 14-86 улсын дугаартай автомашин бүртгэгджээ. Гэтэл  дээрх  маркын авто машин Замын цагдаагийн газар бүртгэлгүйгээр барахгүй тус машиныг эзэмшигч хэмээн бүртгүүлсэн С.Мандах-Эрдэнийн хувийн эзэмшилд ямар ч авто машины байхгүй болохыг нотлох баримтаар тогтоосон байна. Түүнчлэн тус ломбардны  нотариатаар баталгаажуулсан дардас, тамга тэмдэг хүртэл хуурамч аж. Иргэн Э.Авирмэд  2008 онд Тамга тэмдэгтийн үйлдвэр, Хууль зүй дотоод хэргийн яаманд  өргөдөл гаргаж шүүлгэхэд  хувийн нотариатчидын  6 тоот тэмдэг, дардас  хэрэглэсэн талаар холбогдох мэдээлэл байхгүй  гэх албан бичиг ирүүлсэн байна.

    С.Мандах-Эрдэнийн хууль бус үйлдлийг хэн ч мэдээгүй хэрэг үү?

    “Санчир” нарийн боовны үйлдвэр, “Дардас” ломбард, “Дардас кредит” хадгаламж зээлийн хоршоог  хуурамч бичиг баримт ашиглан байгуулсан С.Мандах-Эрдэнийн үйлдлийг хэн ч мэдээгүй гэвэл эндүүрэл болох аж. Улсын бүртгэлийн албанаас 2005 онд  “Дардас”  ломбард нь  2001 оны 5-р сарын 14-ний шинэчилсэн дүрмээс өөр бичиг баримтгүй тул энэ асуудлыг шүүхээр хандаж шийдвэрлүүлэхийг хүссэн байдаг бол  2006 онд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс “Дардас” ломбардын үйл ажиллагаа явуулах хугацаа 1998 оны 2-р сарын 21-нд дууссан ч  татварын албанд мэдэгдэлгүй,  сунгалт хийлгэлгүй, сураггүй алга болсон, тодорхой  хаяг байхгүй гэсэн албан бичиг ирүүлжээ.  Мөн 2006 онд Санхүүгийн зохицуулах хорооноос “Дардас кредит” хадгаламж зээлийн хоршоог татан буулгах шийдвэр гарсан ч үнэхээр татан буулгасан эсэх нь  өнөө хэр нь  тодорхойгүй  байгаа аж.

    Байрыг хураах болсноо урьдчилж мэдэгдээгүй аж

    Иргэн Э.Авирмэдийн гурван өрөө байрыг хураахдаа түүнд урьдчилан мэдэгдээгүй аж. Өмнө нь Баянгол дүүргийн шүүхээс “Дардас” ломбардаас зээлсэн хоёр сая төгрөгөө төлж барагдуулах шийдвэр гарч байжээ. Гэвч иргэн Э.Авирмэдийн өмнөөс нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Улаанцэцэг гэгч эмэгтэй даргынхаа гарыг үсгийг хуурамчаар  үйлдэж иргэн Э.Авирмэд нарын иргэдийн байрыг Үл хөдлөх хөрөнгийн газарт хураалгасан гэнэ. Ц.Улаанцэцэг гэгч эмэгтэйд 2002 онд хэрэг үүсгэн шалгуулсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэгсэхгүй болгожээ.   

    C.Мандах-Эрдэнэ гэгч  одоо хаана явна?

    Сажаа овогтой Мандах-Эрдэнэ 2000 оноос сураггүй алга болжээ. Иргэн Э.Авирмэдийн хэлснээр гадаад хүнтэй суугаад аль нэг улс руу гарсан. Харин түүний ах С.Мэндсайхан 2009 оны 12-р сард зам тээврийн томоохон осол гаргасан, Солонгосын нэгэн компанитай хамтарч ажиллана хэмээн 6000 ам доллар залилсан гэх хэргээр шалгагдаж байж магадгүй гэх мэдээллийг өгсөн юм.

    Иргэн Э.Авирмэд “бүхэл бүтэн 12 жил хууль хяналтын хэдэн байгууллагаар гутлынхаа улыг урагдтал явахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны хүнд суртал, хуйвалдааныг мэдэрлээ” хэмээн халаглаж сууна. Энэ сард нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албатай холбоотой хоёр шүүх хурал болох аж. Тэрхүү шүүх хурлыг шийдвэр гарсны дараа ШШГЕГ, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны  хууль бус үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлнэ гэв.

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж